AKMU хамтлагийн ах дүүс Монгол орны байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар Багахангайн нөхөн сэргээлтийн талбайд 1000 ширхэг чацарганы мод хандивлажээ.
Тодруулбал, AKMU хамтлагийн ах, дүү хоёр уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 10 жил болж буй. Тэд уг ойгоо тохиолдуулан нийт 141 сая воны хандивыг орон нутгийн нийгмийн халамж болон байгаль орчны байгууллагуудад өргөсөн аж.
Тэд Ногоон Ази сүлжээ ТББ (Green Asia Network), Северанс эмнэлэг, БНСУ-ын Өсвөр үеийнхний зөвлөгөө ба халамжийн хүрээлэн (KYCI) гэсэн гурван байгууллага тус бүрт 47 сая воны хандив өгсөн байна. 47 гэх тоо нь AKMU-ийн 2014 оны 4 дүгээр сарын 7-нд хийсэн дебютын өдөртэй нь холбоотой аж.
AKMU хамтлагийн ах дүүс болох Ли Чан-хёк, Ли Су-хён нар бага насандаа гэр бүлийнхээ хамт Монголд ойролцоогоор таван жил амьдарсан бөгөөд тэд монголд гэрийн сургалтаар боловсрол эзэмшиж байжээ.
Монголд амьдрах хугацаандаа дуу хөгжим сонирхож, хамтдаа уран бүтээл хийн, авьяасаа хөгжүүлсэн гэдэг. Ийнхүү тэд 2012 онд Солонгос руу буцаж очоод, 2013 онд K-pop Star 2 тэмцээнд түрүүлснээр олонд танигдсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх