Оросын эрдэмтэн Монголд...

Ц.Чимэдцэеэ
2025-08-21

Монгол Улс 2025 оны нэгдүгээр сарын 17-нд Францын “Орано Майнинг” компанитай хамтран ураны “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.

Гэрээний хүрээнд 68.9 мянган тонн ураныг олборлон цөмийн эрчим хүчний түүхий эд болгосноор нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудтай харьцуулахад дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулах боломжтой гэж тооцоолсон нь байгаль орчинд ээлтэй үзүүлэлт.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэх бүлэг бас бий. Тэдний шүүмжлэлийг хууль тогтоогчид болон Засгийн газар иргэний хяналт хэмээн хүлээн авч, ойлголцож ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа талаараа Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал мэдэгдэж байсан юм.

Тэгвэл эсэргүүцэгчдийн эгнээний манлай “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ тэргүүн Б.Хөхөө орос эрдэмтэн Андрей Вячеславович гэх хүнтэй зөвшөөрөлгүй багаж ашиглан “худал” мэдээлэл тарааж буй тухай Цөмийн энергийн комиссоос мэдээллээ.

Тэд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах Мардайн орд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо орд газруудаар тус тус зорчжээ.

Энэ тохиолдолд эрүүл шүүмжлэл бус санаатайгаар худал мэдээлэл тараах, цаашлаад улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх ашиг сонирхолтой гэмт үйлдэл хэмээн хардаж болох үндэслэл бий.

Учир нь уран бол алт, зэстэй адил байгалийн баялаг. Түүнийг ашиглан эрчим хүчний асуудлаа шийдсэн, хөгжин цэцэглэсэн их гүрнүүдийн дотор хойд хөрш болох ОХУ багтдаг.

Тэд жилд ойролцоогоор 3,500–4,000 тонн уран олборлодог ба дэлхийн нийт олборлолтын 8–10 орчим хувь юм.

Улмаар цөмийн эрчим хүчний үйлдвэрт дотооддоо ашиглах болон гадаадад экспортолдог. Тухайлбал манай улс 2025 оны эхний хагас жилд ОХУ-аас 500 сая кВт·ц эрчим хүч импортолж, дотоод хэрэгцээнийхээ 16 хувийг хангасан.

Энэ нь манай улсын хүн амын 16 хувийнх нь хөргөгч, зурагт  ОХУ-ын эрхшээлд буйг илэрхийлж байна.

Ингээд харахаар, уранаа ашиглаж, эрчим хүчний хамаарлаас гарах нь манайд ашигтай, урд хөршид ашиггүй.

Хэдийгээр Оранотой байгуулсан гэрээнд цөмийн цахилгаан станц барих, дотооддоо уран үйлдвэрлэх тухай асуудал тусгагдаагүй ч тус ашигт малтмалыг олборлох, танин мэдэх нь хожмын нэг өдөрт бүтээн байгуулагдахад шаардлагатай ахиц мөн.

Бас нэг асуудал гэвэл хойд хөрш Мардайн уурхайгаас 1985–1995 оны хооронд 500 тонн уран олборлосон түүхтэй. Цаашлаад сүүлийн хоёр жил манай улсад тус ордыг ашиглах санал тавьсан тухай “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал мөн мэдээлсэн билээ.

Эсэргүүцэгч Б.Хөхөө Мардайн орд газраас шууд дамжуулах үеэрээ эрдэмтэн гэгдэх Андрей Вячеславович зэрэг хүнийг дурдаад ОХУ-д Ерөнхийлөгч нь тэднийг сонсдог, бодлогоо боловсруулдаг хэмээн дурдаж байсан.

Энэ үгнээс нь харахад нэг талаас дээрх их гүрэн Мардайн ордыг ашиглах сонирхлоо өөрийн эрдэмтнээрээ аюултай хэмээн зарлуулж, манай улсын дотоод асуудалд дам байдлаар оролцон үнэ цэнийг нь унагаах гэсэн оролдлого байх вий гэсэн болгоомжлол төрөх.. Гэтэл энэхүү явуулга амжилттай боллоо гэхэд иргэдийн эсэргүүцэл тус ордыг хаашаа ч үгүй нам гацаачихвал аль алинд нь ашиггүй.

Харин нөгөө талаас Б.Хөхөө гуай зүгээр л өөрийн ашиг сонирхол, үзэл бодлоо зөв хэмээн нотлохын тулд эрдэмтэн нэртэй хэн нэгнийг ашиглан ийнхүү худал хэлэв үү.

Ямартай ч яригдаж буй асуудлыг ойлголцлын түвшинд анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1996 онд Францад айлчилснаас хойш 29 жил, бодлогын түвшинд 2010 онд “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулснаас хойш 15 жил, ажил хэргийн түвшинд 2015 онд Цөмийн энергийн комиссын Ажлын албыг байгуулснаас хойш 10 жил судалсан.

Энэ бүхний ард хэн нэгэн орос эрдэмтэн нэртэй этгээд Монголд багаж барьж "дэвэх" нь инээдэмтэй.

Урантай холбоотой бидний өмнө нь бэлтгэсэн мэдээлэлтэй энд дарж, танилцаарай.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe