Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Түүнийг таван жил засаг толгойлж байх үед танхимд нь орж ажилласан, араас нь нийслэлийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй хамгийн их эрх мэдэлтэйгээр хотын даргын албан тушаалд очсон Х.Нямбаатарын суудал ганхаж эхлэв. Саяхныг хүртэл тугаараа тугалаа хариулж явсан эрхмүүд туг ч үгүй тугал ч үгүй болох гээд байна уу?
Буруу эргэлт хаанаас эхлэв?
2024 оны сонгууль МАН-ын хувьд тун чиг аятайхан яг төлөвлөснөөр явагдсан. Бүр сонгууль эхлэхээс өмнө нарийн сайхан төлөвлөөд ХҮН, АН хоёртой тойргоо болон жагсаалтаа тохирчихсон байсан гэсэн яриа ч төрийн ордонд цуурч байсан. Үнэн худлыг өрөөнд байсан хүмүүс л гэрчлэх биз. 2016 оноос хойш иргэд итгэлийг хайр найргүй хүлээлгэсэн нь найман жил төрийн эрхэд азаргалах боломжийг МАН-д өгсөн. Гэвч өнгөрсөн найман жилийн хугацаанд төрийн албаны дарга нарын тоо нэмэгдэж, яам, агентлаг, төрийн өмчит компаниудын зарлага хэрээс хэтэрч ардын нам дагасан хэсэг нь орой дээр гарч, хөрөнгөжиж, хөлжсөн нь МАН дагавал ам тосодно гэх шог яриаг хүртэл гаргаж байлаа. Иргэдийн итгэл унаж эхлэв. 2024 оны УИХ-ын сонгуульд ардын үлдсэн атга итгэл дээр ухаан сийлж намаа ялалт байгуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан засаг байгуулж ХҮН, АН хоёроор гишгүүр хийж олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөж хэсэгхэн зуур дорвитой хөдөлж буй дүрээр бага ч болтугай оноо авсан. Гэвч олон жил дарлуулж намын гишүүд нь бүгд гудамд гарчихсан байсан АН, саяхныг хүртэл УИХ-д нэгхэн суудалтай байсан ХҮН хоёр баруун, солгойгүй хүмүүсээ энд тэндхийн дарга, зөвлөхөөр томилж эхэллээ. Энэ нь тэдний хундагатай архийг хордуулах эхний алхам байсан биз. Орон нутагт ч тэр, нийслэлд ч тэр олон жил даам суусан МАН-ын гишүүд үүнийг нь эсэргүүцэж байн байн л У.Хүрэлсүхийн чихэнд хов зөөж байдлыг улам хурцатгав. Л.Оюун-Эрдэнэ ч том ахын төлөвлөгөөнөөс хазайж хэт өөрийнхөөрөө гөжүүдэлж байсан нь том хачир болоо биз. Эврээ ургахаар эхийгээ мөргөдөг нь монголчуудын зан юм даа.
Хамтарсан газар унах эхлэл Гашуунсухайтаас...
17 жил гацсан төмөр замын хил холболтын гэрээг АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хил дээр очиж хийх өдөр Л.Оюун-Эрдэнийн хүүгийн болон бэрийн тансаглал сошиалаар сэвэгдэж эхлэв. Түүнийг нэг их тоолгүй маргааш нь хил холболтын гэрээг хийж байсан юм. Гэвч удалгүй бухимдсан олон орлогоо нотол уриатай жагсаал эхлүүлж явцдаа засаг огцор болон хувирч сүүлдээ МАН дангаараа засгийн эрхээ барь гэх уриатай болсон. Асуудал хурцдаж Л.Оюун-Эрдэнийг ажилтай байх үгүйг шийдэхээр намын бага хурал зарлагдлаа. Уг нь намын бага хурлаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хамтарсан засгийг унагахгүй байхаар намын гишүүдтэй тохиролцож ерөнхийд нь өөрийнхөө талд багцалчихсан байсан гэсэн яриа тухайн үед МАН дотор гарч байсан юм. Бага хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “хамтарсан засаг унавал би ажлаа өгнө”, “Үр хүүхэд, амьдралаа бодох нь зөв юм байна. Би ажлаа өгье” гэсэн гэх мэт янз янзын яриа хурлын дараа цахим орчинд гарсан. Гэхдээ хаалттай хаалганы цаана явагддаг намын хурал яаж үргэлжилснийг зөвхөн намын гишүүд л мэдэх биз. Хурлаар ганц түшиг болж байсан АН-ыг нь засгаас гаргах шийдвэр гарч хэцүү байдалд орсон Л.Оюун-Эрдэнэ засгаа авч үлдэхийн тулд УИХ-д хандан итгэл хүлээлгэхийг хүссэн. Л.Оюун-Эрдэнийг огцруулах үгүйг шийдэх УИХ-ын чуулганы хурал өглөөнөөс үүр болтол үргэлжиллээ.
Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх хоёрын хооронд асуудал байгааг баталсан чуулган...
МАН-ын бага хурлаар Ардчилсан намыг засгаас гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан учраас АН-ын дийлэнх гишүүд тухайн үеийн хуралд суугаагүй. Анхнаасаа засагт хамтар гэсэн саналыг МАН тавьсан. Гар гэж хөөх шийдвэрээ ч МАН гаргасан тийм учраас өөрсдөө асуудлаа шийд гээд хаясан нь тэр байх. АН-ын 30 гаруй гишүүний санал хүчингүйд тооцогдохоор болов. Энгийн үед харагддаггүйгээрээ олон гишүүн чуулганы танхимд ирсэн байлаа. Л.Оюун-Эрдэнээс янз янзын л асуулт асууж, үг хэлсээр шөнийн 12 өнгөрлөө. Зарим нь зандарч, зарим нь магтсаар. Танхимын уур амьсгал ер нь л хамтарсан засгийг байх ёстой гэсэн байр суурь руу эргээд эхлэх нь тэр. Яг энэ үед байдал эвгүйтсэнийг мэдэрсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр орж ирж чуулганы индэр дээрээс Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ хоёрыг зандрахдаа давхар чуулганы танхимд байсан гишүүдийг хүртэл хамруулчхаад “энэ асуудал ажлаа өгснөөр шийдэгдэхгүй бол харж байгаад би эргэж орж ирнэ” шүү гэсэн утгатай юм хэлээд гараад явчхав. Ахын дүү одоо болно ажлаа өг гэсэн санааг ер нь шуудхан хэлчихсэн. Санал хурааж дуусахад Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэнэ гэсэн санал 44 байсан бол итгэл хүлээлгэхгүй гэсэн санал нь 38 байсан юм. Гэхдээ авах 64 гишүүн итгэл хүлээлгэж байж Л.Оюун-Эрдэнэ ажилтайгаа үлдэх байв. Таван жил нэг хүн суусан Ерөнхий сайдын суудалд тэр өдөр салхи орохоор боллоо.
Засгийн шинэ толгой Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болов...
Удалгүй шинэ засгийн газрын тэргүүнээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар тодорч өнөөгийн засаг бүрдсэн. Ерөнхийлөгчийг магтан дуулдаг хэд хэдэн гишүүд сайдын суудалд залрах нь тэр. Шалдан Ерөнхий сайд МАН-ын түүхэнд байгаагүй биш байсан. Гэхдээ Г.Занданшатарын хувьд 2024 оны сонгуулиар Хангайн бүсдээ сүүл мушгиж ердөө 55 мянган хүний санал авч бүдэрсэн, нам дотроо үзүүлэх манлайлал хангалттай эсэх нь асуултын тэмдэг. Ерөнхийлөгчийн хувьд Г.Занданшатарыг 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, намын дарга болгох гэсэн шоглоомтой гаргаж ирсэн байх магадлалтай. Гэвч яг одоогийн нөхцөл байдал туггүй тугал хариулж яваа түүнд тун хэцүүхэн байгаа нь гарцаагүй. Түүний засгийн газар жил хүрэхгүй настай засгийн газар ч байж мэдэх юм. Гэхдээ энэ бүхэн намрын улс төр хэрхэхээс хамаарах биз.
Л.Оюун-Эрдэнийн уналт хаанаас эхлэв...
Хүн дасаж суусан ажлаасаа хааяа нэг хөндийрч өөрийгөө болон гадаад орчноо нэг харах хэрэгтэй байдгийн жишээ Л.Оюун-Эрдэнэ юм болов уу. Бэрхийн тамгын газрын даргаас эхлээд таван жил Ерөнхий сайд хийх хүртлээ захирал, даргын суудлаас өндийж үзээгүй тэрээр хэтэрхий вакумжиж хэний ч үгийг авахаа байх дээрээ тулав. Гэртээ хонуулж, хоол цайгаар тасалдаггүй байсан гэж ярих том ахынхаа үгийг хүртэл сөрсөн нь үүнийг илтгэнэ. Хэтэрхий муйхраар улс төрийг харж, хэн нэгний хатгаасыг үг болгож, хэмжээлшгүй эрх мэдэл рүү зүтгэсэн бодол нь хоолойг нь хоёр ороож орхисон байх. Түүнийг засаг барьж байх үед төсөв тултлаа тэлэв, эдийн засаг уналтад оров, татварын дарамт хэмжээндээ багтахаа болив, төрийн тансаглал дээд цэгтээ хүрэв, авлига гаарч, хэвлэлийн эрх чөлөө хумигдав. Нүүрсний хулгай, хөгжлийн банк зэрэг олон хулгай гарч ирэв. Хамгийн гол зүйл нь том ахын үгнээс гарсан мөчлөг байх магадлалтай. Ерөнхийлөгчийг дахин сонгогддог байхаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг тэрээр сөрсөн гэх. Үүнээс болж том ахтайгаа ам мурийж түүний улс төрийн нөхцөл байдал ганхаж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ үргэлж өөдөө явж ирсэн болохоор дараагийн Ерөнхийлөгч өөрийгөө гэж төсөөлж явсан биз. Нөхцөл бололцоо нь ч түүний талд байсан. Намын дарга, Ерөнхий сайд гээд бүх байрлал түүний талд. Гэхдээ том ахын үгээр явахгүй бол бүх зүйл болдоггүй гэдгийг түүний уналт харуулсан байж магадгүй. Том ах нь ч гэсэн түүнийг Ерөнхийлөгч болгоход дэмжих бодолтой явсан ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хазгай гишгэж хүний хэрэг рүү өнгийснөөр хагарал эхэлж улс төрийн уналтыг анх удаа Л.Оюун-Эрдэнэ амссан нь энэ биз ээ.
Х.Нямбаатарын ээлж ирэв үү?
Л.Оюун-Эрдэнийн найз Х.Нямбаатар дараагийнх нь гэх хардлагыг дээр дурдсан үйл явц харуулж байгаа юм. Ерөнхийлөгч засгаа авсан удахгүй намаа ч авна, хотоо ч авъя гэсэн бодолтой байж магадгүй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд орон нутаг, нийслэл хоёроо базахгүй бол ялах тухай бодох ч хэрэггүй. Шат ахих бүрд нь хамт байсан Л.Оюун-Эрдэнэ хүчтэй газардсан учраас ганцаараа үлдсэн Х.Нямбаатар хэвлэл мэдээллийн дайралтаас гадна улс төрийн дайралтад өртөж эхэллээ. Нэр бүхий гишүүд ч гэсэн хотын даргаа мэрж эхэлсэн. Хонхных нь дууг гаргаад өгөхөөр дамраа эвдчихдэг Х.Нямбаатар хотын дарга болсноос хойш олон хүний дургүйг хүргэж байгаа. Зам, ТҮЦ, бордюр гээд олны хэл ам дээр нь хачирлаж Х.Нямбаатарыг буулгах ажиллагааг хийхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамгийн том тээг болох хүн нь Х.Нямбаатар гэж үзсэн байж магадгүй юм.
Гартаа ганц хөзөртэй Л.Оюун-Эрдэнэ
Мэдээж хар багаас нь хөтөлж улс төрд оруулсан ахтайгаа ширүүхэн муудалцаад амжсан Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг зүгээр хараад суухгүй нь тодорхой. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар Г.Занданшатарын засгийг унагаах төлөвлөгөө боловсруулж суугаа гэх. МАН-ын түүхэнд шалдан /намын дарга биш/ Ерөнхий сайд хэд хэд байсан гэдгийг дээр дурдсан. Гэхдээ шалдан Ерөнхий сайд тийм ч хүчтэй биш нь өнгөрснөөр нотлогдсон үзэгдэл. Намаа базаж байж Засагтаа, УИХ-даа нөлөөтэй байж чадна. Харин Л.Оюун-Эрдэнэ намын даргаа Г.Занданшатарт биш өөр хүнд өгөх бодолтой сууж байж байгаа гэх. Өөрийн талын хүн гэсэн үг л дээ. Тэгж байж хүмүүсийн ярьж байгаагаар өөрийг нь гишгэж гарч ирсэн Г.Занданшатарын засгийг газарт тээг болох биз. Улс төрийн хүчээ ч авч үлдэнэ. Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлэх магадлалтай хамгийн боломжит хүн нь одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Намдаа ч нэр хүндтэй, улс төрдөө ч дажгүй яваа нэгэн. Санаж байгаагаар Н.Энхбаяр намын дарга байх үедээ УИХ-ын дарга байсан. Улмаар тэр суудал дээрээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Н.Энхбаярын Д.Амарбаясгалангаас өөр нэг зүйл нь Ерөнхий сайд хийж үзсэн байв. Д.Амарбаясгалан намын дарга болчихвол Ерөнхий сайд ч болж мэдэх юм. Гэхдээ энэ шоглоомоор явахгүй болов уу. УИХ-ын даргын суудал нь илүү хэрэг болох байх. Хэрвээ олны яриа ортой бол Л.Оюун-Эрдэнэ 2005 оны Н.Энхбаярын түүхийг давтахаар зэхэж байж болох юм. Мэдээж энэ санаа хэрэгжихийн тулд Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ажлаа өгч болохгүй. Нийслэлээ хайрцаглахаас эхлээд түүнд хийх ажил их. Гартаа ганц намын дарга гэх хөзөртэй Л.Оюун-Эрдэнийн энэ үйлдлийг Ерөнхийлөгч зүгээр хараад суухгүй нь тодорхой. Ерөнхийлөгчид гацаадаг “тотиго” нь байна, гардаг гурав нь ч байгаа. Тэгэхлээр урсгалаа даган хамгаалж тоглох эсвэл анхнаасаа айлгаж тоглох л Л.Оюун-Эрдэнийн тактик байж магадгүй. Тун удахгүй чуулган нэгдэж улс төрийн хүрээнд намрын синдром эхэлнэ. Энэ үйл явц ширээн дээр хэн нь ямар хөзөр гаргаж тавих гэж байгааг илтгээд өгөх биз. Ямартай ч энэ бүхнийг ажаад үзэхэд дараагийн ажлаа өгөх хүн нь Хотын дарга Х.Нямбаатар байх магадлал тун чиг өндөр. Эрх бариагүй нам дотроо хагарах нь өөрсдөд нь ямар их хортойг Ардчилсан намын жишээнээс бид харсан бол эрх барьж байгаа нам дотроо хагарах нь монголын аж байдалд ямар их хортойг бид удахгүй харах биз ээ.
Сэтгэгдэл үлдээх
Nyambaatar hotod hereggui hun hdn salbadaigaa avaad yvj uz hariutslaga hulee tootsoh yostoi
Baagi Baagi
Дэмжих үү?
0 1