Ардчилсан намын даргын суудал эзэнтэй ч биш эзэнгүй ч биш болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Хоёр өдрийн өмнө Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж намын даргын статустай байгаа Л.Гантөмөр Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-нд хуралдуулахаар зарласан. Мэдээж энэ хурлаар цаашид Ардчилсан намыг хэн толгойлох вэ гэдэг ярианы сэдэв эцэслэгдэх юм. Тэгвэл намын даргад өрсөлдөх эрхмүүдийн нэрс тодорчээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу
Ч.Лодойсамбуугийн хувьд Хан-Уул дүүргээс хонхны дууг бадраан УИХ-д сонгогдож улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга болтлоо өгссөн. Сонгуулийн үеэр хийсэн түүний сурталчилгааны нөлөө өөрийн тойргоос гадна бусад тойргуудад ч хүчтэй нөлөөлж өрсөлдөгч МАН-ыг сандаргаад амжсан билээ. Ч.Лодойсамбуу одоогийн намын дарга Л.Гантөмөрийг Боловсролын сайд байх үед хэвлэлийн төлөөлөгчийг нь дөрвөн жил хийж байсан нь Л.Гантөмөртэй холбох шалтгаан болдог. Учраа олохгүй уналтад орж унтаа байгаа Ардчилсан намыг сэрээх дүр нь Ч.Лодойсамбуу байж мэдэх л юм.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа
УИХ-д Ардчилсан намын жагсаалтаар орж ирсэн Ж.Баярмаа чуулганы танхимд эмэгтэй гишүүний манлайллыг үлгэр жишээ харуулж байгаа нэгэн. Хэдийгээр тойрогт өрсөлдөж ард түмний санал аваагүй ч жагсаалт гэж ялгаварладаг бусдадаа хийж байгаа ажил, хэлж байгаа үгээрээ өөрийгөө нотлож байгаа. Ж.Баярмааг УИХ-ын индэр дээрээс, улс төрийн хүрээнд ч тэр С.Баярцогтын улс төрд оруулж ирсэн хүн гэж цоллодог. Намын жагсаалтад байгаагүй түүний нэр хугацаа тулсан үед З.Нарантуяаг унагаж оронд нь орж ирсэн нь нуруундаа хоосонгүйг илтгэж байлаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир
Х.Баттулгын улс төрд зүтгүүлж байгаа хүмүүсийн нэг. Жагсаалтын таваар УИХ-д сонгогдсон Ө.Шижир чуулганы индэр дээрээс улайм цайм Х.Баттулгыг өмөөрч гишүүдтэй хэрэлддэг нь нуух зүйл байхгүй гэдгээ илэрхийлж байгаа мэт. Улс төрд Ардчилсан намаас намаа манлайлж байгаа залуу улс төрчдийн нэг нь тэр юм. Намын залуустайгаа нийлэн “морьтон” фракцыг ч байгуулаад амжсан. Энэ удаад ч гэсэн намын даргад Х.Баттулга түүнийг зүтгүүлж байгаа нь тодорхой биз ээ. Энэ удаагийн сунгаанд АН-ы залуу гишүүд орж ирж байгаагийн нэг нь Ө.Шижир.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
Баруун бүсээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож халуун чулуу долоосон улс төрчдийн нэг. Ховдын ахмадуудын “гремикс” Б.Пүрэвдорж өөрийгөө намаа удирдаад явахад бэлэн болсон гэж бодсон бололтой. Л.Гантөмөрийн “Нэг Ардчилал” буюу өдгөө “МонДе” болсон фракцид багтаж явсан тэрээр З.Нарантуяа, Ж.Батсуурь нартай нийлж “Соёомбо” фракцыг байгуулж байсан. УИХ дахь ард түмний хоолой Б.Пүрэвдорж намын даргын сунгаанд хүчтэй өрсөлдөгч юм.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл
УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон О.Цогтгэрэлийн ойрын зорилго нь намын дарга болох. Увсын фракцын хүн, “Тэсо” группийн үүсгэн байгуулагч тэрээр энэ сунгаанд хамгийн их ач холбогдол өгч байгаа нь гарцаагүй юм. Тийм ч учраас Увс аймгийн намын гишүүдээс бүрдсэн “Анчин” фракцынхан түүнийг хүчтэй дэмжих нь тодорхой. О.Цогтгэрэлийг сахал хочит Д.Эрдэнэбилэг, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нартай холбоотой гэж хэд хэдэн хэвлэлүүд бичиж байв. Утааны сонсголыг ахалж ажилласан ч тоймтой үр дүн мэдрэгдээгүй тэгэс гээд өнгөрсөн. Намаа нэгтгэж манлайлж, учир зүйгээ олоод явахад түүний харизм яах бол?
Сэтгэгдэл үлдээх