Жил бүрийн 8 дугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн эрчимжиж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Үүний зэрэгцээ шинэ байрны захиалгатай холбоотой залилан, хохирол ч их үүсдэг. Энэ талаар өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.
- Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн түрээсийн байрны эрэлт өсөж, дагаад түрээсийн залилан ч нэмэгддэг. Тэгвэл яг энэ үед байр түрээслэх гэж байгаа иргэд хамгийн түрүүнд юун дээр анхаарах ёстой вэ?
- Намрын цагт орон сууц хөлслөх гэрээ хамгийн их хийгддэг. Байр түрээслэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулах шаардлагатай. Тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэхийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй нь тулган, нотариатад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн лавлагааг давхар шалгах хэрэгтэй. Тэгээд гэрээгээ заавал нотариатаар баталгаажуулах ёстой. Түүнчлэн төлбөр төлөх нөхцөл, урсгал зардал хариуцах эзэн, гэрээний хугацаа зэрэг заалтыг гэрээнээсээ заавал харж, шалгах хэрэгтэй.
- Орон сууц захилгатай холбоотой хохирол маргаанууд бас их байдаг. Ер нь энэ төрөлд ихэвчлэн ямар шалтгаантай хохирол үүсэж байна вэ?
- Орон сууц захиалгын гэрээн дээр иргэдийн хохирч байгаа төрлүүд янз янз байдаг. Тухайлбал,
Энэ мэтчилэн асуудлуудаас үүдсэн хохирлууд давамгайлж байна.
- Шүүхээс тухайн барилгын компанийг нь буруутай гээд шийдсэн ч иргэний хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хэр шуурхай явагддаг юм бол?
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирол барагдуулах явц нь очлоо гэхэд гүйцэтгэгч нь маш олон хүн хохироосон тохиолдолд мөнгөө авч чаддаггүй. Тухайн компанийн өмнө нь хохироосон иргэдийн шүүхийн шийдвэрийн дарааллаар хохирлыг барагдуулдаг болохоор тийм амархан, тийм хурдан хугацаанд хохирлоо нөхөн төлүүлэх боломж байдаггүй.
- Энэ бүхнээс сонсоход яг энэ төрлийн хуулийн зүйл заалт, шийтгэлийн тогтолцоо сул байгаа юм шиг санагдлаа. Тиймээс л иргэд хохирсоор байгаа байх. Тэгвэл төрийн зүгээс бодлогын хүрээнд яаж зохицуулбал иргэд хохирох тохиолдол буурах бол?
- Орон сууц захиалгын гэрээн дээр төрийн зүгээс хяналт байдаггүй. Тухайн барилгын компанид тусгай зөвшөөрөл өгөхдөө л материалыг нь бүрдүүлж авдаг болохоос биш захиалагчийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зохицуулалт, хяналт байхгүй байна. Иймээс иргэд хохирох үндэс болж байгаа юм.
Жишээлбэл, би байр захиалахдаа тухайн компаниа судлаад “Энэ компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр өр төлбөртэй юу” гэж лавлахад дурын этгээдэд өр төлбөрийн талаар мэдээлэл гаргаж өгдөггүй. Энэ төрлийн мэдээлэл хаалттай байгаагийн улмаас иргэд барилгын компанийнхаа талаар дутуу мэдээлэлтэй байж, хохирох үндэслэл болж байна.
Энэ хэдийгээр иргэний эрх зүйн харилцаа ч гэсэн үүнд төрийн хяналтын оролцоо хэрэгтэй байна. Тэгэхгүй бол иргэний өмч улам үнэгүйдэж, иргэд маш ихээр хохирч байна. Тиймээс барилга баригдах хугацаанд явцын хяналт хийх хэрэгтэй. Түүнчлэн барилгын компаниуд нэг дүүрэгт барилга эхлүүлж иргэдээс захиалга авчхаад тэрийгээ ашиглалтад оруулалгүй өөр дүүрэгт шинэ төсөл эхлүүлээд дахин захиалга авдаг. Үүн дээр мөн хяналт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхний захиалга авсан байраа ашиглалтад оруулж, хүлээлгэж өгчхөөд дараагийн барилгын зөвшөөрлөө ав гэх мэт зохицуулалт, хяналт хэрэгтэй.
- Дээрх байр түрээсийн болон захиалгын асуудлаар иргэдэд ямар зөвлөгөө өгмөөр байна?
- Өмгөөлөгчийн зүгээс гэрээн дээрээ анхаараарай гэж зөвлөмөөр байна. Гэхдээ гэрээ сайн байсан ч байр нь баригдахгүй гацах магадлалтай. Тэгэхээр тухайн компанийн түүхийг сайн судлаарай. Байр түрээслэгч нарын хувьд мөн адил гэрээн дээрээ анхаарч, заавал хууль ёсны өмчлөгчтэй нь гэрээ байгуулаарай гэж дахин зөвлөмөөр байна.
Сэтгэгдэл үлдээх