Aljazeera - Испанид түүхэнд бүртгэгдэж байгаагүй их халалт 16 хоног үргэлжилж байна. Гал сөнөөгчид тус улсын хойд болон баруун хэсэгт гарсан ой хээрийн түймэртэй тэмцэж байгаа энэ үед Испани хэт халуунд нэрвэгдлээ хэмээн цаг уурын агентлаг (AEMET) мэдэгдэв. Тодруулбал наймдугаар сарын 3-18-ны хооронд тохиосон хэт халууны урьдчилсан мэдээллээс үзэхэд, 2022 оны долоодугаар сард бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс давсан байна.
AEMET нь 1975 онд бүртгэлээ эхлүүлснээс хойш Испанид 77 удаагийн хэт халалт бүртгэгдсэнээс зургаан тохиолдол нь дунджаас 4С (39.2F) ба түүнээс дээш хэмээр халсан байна. Тэгвэл тэдгээрийн тав нь 2019 оноос хойш бүртгэгджээ.
Карлосын III Эрүүл мэндийн хүрээлэнгийн мягмар гарагт гаргасан тооцоогоор энэ оны наймдугаар сарын хэт халалтын улмаас Испанид 1,100 гаруй хүн нас баржээ. Энэхүү хэт халуун цаг агаар Испанид гал түймрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, ой хээрийн түймрийг өдөөж байна.
Өнгөрсөн долоо хоногт Испанийн арми гал сөнөөгчдөд туслахаар 3400 цэрэг, 50 нисэх онгоц илгээсэн бол Чех, Финланд, Франц, Герман, Нидерланд, Словак зэрэг улсууд мөн олон зуун гал сөнөөгч, машин, нисэх онгоц илгээжээ.
Уг түймрийн улмаас 382,000 гаруй га (944,000 акр) буюу 3,820 кв км (1,475 кв миль) талбай шатсан байна.
Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр Европ тив 1980-аад оноос хойш дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх