Монгол, Хятадын хооронд 1955 оноос хойш анх удаа хоёр дахь төмөр замын боомтыг байгуулахаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г зургаадугаар сарын 9-ний өдөр байгуулсан.
Уг гэрээг байгуулах гэж 18 жил хэлцэл хийсэн байдаг. Ингэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
Энэ дундаас “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ” гэдгийг тайлбарлавал, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулсан нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ юм. Уг гэрээний дагуу Монгол Улс Чайна Энержи компанид 16 жилийн турш тогтмол хэмжээгээр буюу нийт 247 сая тонн нүүрс нийлүүлэх бөгөөд тухайн цаг үе бүрийн нүүрсний ханшаар тооцож өгөхөөр гэрээ хийсэн гэж мэдээлж байв.
Гэтэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн. Тодруулбал, “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нэг муухай шийдвэр гарсан. Урагшаа нүүрс зөөж байгаа төмөр замыг барихдаа 16 жилийн турш жил болгон 20 сая тонн коксожсон өндөр чанарын нүүрс Хятад руу нийлүүлж, 25 км төмөр зам босно гэж байна. Төмөр зам барих нь зөв.
Гэхдээ 16 жилийн турш жил болгон 20 сая тонн нүүрс гэж бодохоор нийт 320 сая тонн нүүрс гэсэн үг. Өнөөдрийн ханшаар 1 тонныг 70 доллароор бодох юм бол 24 тэрбум доллар болж байгаа юм.
Энэ чинь луйвар шүү дээ. Маш сэжигтэй. Ухаа худаг, Оюу-Толгойтой бараг адилхан хэмжээний том луйвар хийчихлээ шүү дээ. Хэн энэ их ашиг сонирхлоо 24 тэрбум доллар дотор шургуулчхав? Үүнийг судлах хэрэгтэй” хэмээсэн юм.
Гэрээ байгуулагдахын өмнө Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Хил холболтын төмөр замын санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой бэлнээр хийнэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бартерын гэрээ хийхгүй. Энэ санхүүжилтийг хийлээ гээд иргэдэд оногдох ногдол ашигт нөлөөлөхгүй” хэмээж байсан юм.
Гэтэл энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдээллээр үгүйсгэгдэж байгаа хэрэг үү. Бартер биш гэсэн боловч 16 жилийн турш 247-320 сая тонн нүүрс Хятад руу гаргахаар тохиролцсон уу. Энэ талаарх мэдээллийг төрийн нууцад хамруулсан гэх.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын яриагаар жил бүр 20 сая тонн нүүрс Хятадад бэлэглэх юм бол нийт нүүрсний экспортынхоо ¼ –ийг бартерт тавиад туучхаж байна гэсэн үг.
70 жилийн дараа арай гэж хоёр дахь хил холболтын төмөр замаа хөдөлгөх гэж байгаа нь сайн хэрэг ч төмөр зам барих төлбөрийн мэдээлэл, хэлцлийн баримт бичгийг хэзээ олон нийтэд нээлттэй мэдээлэх вэ. Нууц нэрээр хулгай хийсэн эсэхийг хэзээ ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах вэ.
Сэтгэгдэл үлдээх