Монголын Улс төрийн хоёр дахь том хүчин Ардчилсан нам дараагийн тэргүүнээ өчигдөр хэрүүл тэмцэл багатай томилсон. Зохион байгуулсан ҮБХ-ны хурал, үйл ажиллагаа нь заавал нэг тэмцэлтэй болж өнгөрдөг байсан ч өчигдрийн хурал үнэхээр тайван бүх гишүүд сэтгэл хангалуун байсан нь нам доторх яриа түс тас болсныг илтгэж байв. Тэдний энэ байдал эрх баригч нам МАН-д дарамт болж байгаа нь тодорхой. Ардчилсан нам нэгдээд дайрчихвал хэдийгээр МАН эрх барьж байгаа ч тэднийг буланд шахсаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах магадлал тун өндөр байгаа. Үүнийгээ ч шинэ дарга О.Цогтгэрэл мэдэрч байгаа мэт “Ардчилсан нам давхар, дараалж ялсан нам болно” гэж намын даргаар сонгогдсон өдрөө ярьсан. Нөгөө талд тэдний байгаа байдал, хийж байгаа үйлдэл бүгдийг МАН харж, тооцоолж суугаа. Тийм учраас Ардчилсан намын нэгдмэл байдал эрх баригчдыг тухгүйдүүлж байгаа нь лавтай.
Ардчилсан намын даргын сонгуулийн мэтгэлцээн, улс төрийн нүүдэл...
1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар монголчууд цэнхэр дэлгэцээр мэтгэлцээн гэж юу байдаг вэ гэдгийг харж байсан бол хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хооронд мэтгэлцээн өрнөж байв. Нөгөө алдарт “Та аядуу тайван хүн. Улс төрд энэ зан арай зөөлддөг гэж боддоггүй юу” гэх асуултыг М.Энхболдоос асуудаг мэтгэлцээн. Манай улс төрийн намуудын хооронд өрнөсөн мэтгэлцээн нэг л усан, өрнөлгүй явагддаг нь асуултуудаа урьдчилж бэлдсэн, төрийн телевизээр явдаг байсан гэх мэтчилэн баригдмал байдал нөлөөлдөг байсан байх. Жинхэнэ мэтгэлцээн тухайн нэр дэвшигчдийн үзэл бодол, зан чанар, мөрийн хөтөлбөр зэргийг нь нэг асуудал дээр хэрхэн хандаж, хариулж байгаагаар маш сайн гаргаж өгдөг. Харин энэ удаагийн Ардчилсан намын даргын сонгуулийн нэр дэвшигчид дунд өрнөсөн мэтгэлцээн яг голоо олж чадаагүй ч улс төрийн нүүдлийн хувьд мартагдсан соёлыг эргэн сануулахын зэрэгцээ өөрсдийнхөө сэргэлтийг жишиг болохуйц хэлбэрээр зарлаж чадлаа. Учир нь МАН-ын даргын сонгууль энэ сараас эхлэн яригдана. Үеийн үед хаалттай хаалганы цаана асуудлаа шийддэг МАН-ыг олон нийт ил тод байхыг шаардах шахалтыг АН эхлүүлж байна. 2027, 2028 оны сонгуулиар ч мэтгэлцээн гэдэг зүйлийг бид харах нь тодорхой болж байх шиг. Телевиз, сайтууд энэ чиглэлд эртнээс бэлтгэлээ базааж ахисан түвшинд үзүүлэх урлаг хийхгүй бол үзэгчид өөрийнхийгөө хүнийхтэй харьцуулдаг болоод удсан. Ямартай ч Ардчилсан намын мэтгэлцээнийг зохион байгуулсан NTV болон мэтгэлцээний соёлыг эргэж сэргээсэн Ардчилсан нам улам л хаалттай болж байсан Монголд эрх чөлөөг эргэн санууллаа.
Шинэ даргын шинэ эхлэл...
Дарга сонгогдоод өнөөдөр бүх зүйл өөрчлөгдөхгүй бас дуусахгүй. Энэ бол Ардчилсан намын шинэ эхлэл. Хэрхэн эхлэлээ тавих эсэх нь дараа дараагийн яриа яаж гарахыг шийднэ. Нэг зүйл ажиглагдсан нь О.Цогтгэрэлийг шинэ даргад сонгогдсоныг эсэргүүцэх олонх байхгүй, намын голлох төлөөллүүд бүгд нэг байр суурьтай байгаа нь түлхүүр үг мэт харагдлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төлөвлөгөөг маш сайн гаргаж нам доторх фракцуудтай сайн тохирч нэгдмэл байдалд шилжиж гэсэн үг. Женкогийн фракц л буланд сууж бусад нь самбар дээр зурсан төлөвлөгөө рүү анхаарчээ. О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга байсан давхар хашихгүй нь лавтай. Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудлаас эхлээд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх үү, дэд дарга нар хэн байх вэ гэх мэтчилэн томилгоонууд түүнийг дагаад хийгдэнэ. Эдгээр томилгооноос Ардчилсан намын нэгдмэл байдал, шинэ эхлэл үнэн эсэх нь харагдана. Хуучин дарга Л.Гантөмөр “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” хэдэн жил намаа авч явсан. Тэр хугацаандаа эв нэгдлийг хангах гэж намаа институтийн түвшинд аваачих гэж зүтгэсэн. Гэвч дотоод асуудлаас болоод нэг л болж өгөөгүй. О.Цогтгэрэлийн УИХ дахь намын бүлгийн даргын суудалд одоогийн бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу дэвшиж суух магадлал өндөр. Гэхдээ Ж.Баярмаа ч хийвэл хийчихээр гэдгээ харуулсан. Энэ хоёрын аль нэг нь болж магадгүй. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргыг өнгөрсөн хугацаанд Н.Ганибал тийм ч муу хийгээгүй. Үлдээх эсэх нь шинэ даргын шийдвэр. Энэ бүх томилгоо цаасан дээр зурагдсан байгаа нь гарцаагүй биз. Харин хүмүүсийн хамгийн их анхаарлаа хандуулж байгаа зүйл нь засагт хамтрах уу гэдэг асуулт. О.Цогтгэрэл хамтраад явахад болохгүй гэх зүйлгүй гэсэн утгатай яриаг мэтгэлцээний үеэр хэлсэн. Энэ л түүнийг ангал руу түлхэж магадгүй. МАН яаж хамтардаг гэдгийг бүгд харсан. Намын даргаар сонгогдоод гарч ирснийхээ дараа ярьсан шиг давхар бөгөөд дараалж ялахыг хүсэж байвал МАН-ыг ардаа үлдээгээд урагшаа хараад явсан нь хамгийн зөв шийдвэр байх. Гэхдээ хамтрах ёсгүй гэж яриад явж байсан гишүүд нь хамтрах боломж бий гээд ярьж байхыг бодоход хамтрах тохироо хийсэн ч байж магадгүй юм. Шинэ дарга маш таатай нөхцөл байдалд намын даргаар сонгогдож байна. Түүх бичих эсвэл түүхэнд бичигдэж үлдэх эсэх нь түүний сонголт.
Ардчилсан намын байдал МАН-д шахалт болж хувирав...
Монгол Ардын нам дотор цаг агаар муу байгаа. Нэг талаасаа шуургатай нөгөө талаасаа бороотой. Гэтэл энэ үед сөрөг хүчин нь учраа олоод намын даргаа сонгоод улс төрийн нүүдэл хийгээд эхэлсэн. Харин тэдний байдал нь намын даргаа булаацалдаж хуваагдсан байдалтай. Хэн намын дарга болохоос шалтгаалж улс төрийн дараагийн том шуурга дэгдэнэ. Цуу ярианаас Г.Занданшатарыг намын дарга болгохоор хайрцагласан гэж сонсогдох ч одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ хэрхэх вэ гэдэг сонирхолтой. Л.Оюун-Эрдэнэ намын даргаа өгвөл Ерөнхийдөө улс төрийн карьер нь уруудна гэсэн үг. Эргэж сэхэхэд тун ч хэцүү байх болов уу. Түүний бодол намын даргаа авч үлдэх эсвэл үлдэх гэж хичээж байгаа дүрээр дараагийн асуудлаа том ахтай ярилцах байх. Уг нь Г.Занданшатар намын дарга болчихвол том ахын хүсэл биелж зарим нэг намыг засгаас гаргаж дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаа эхлүүлэх гээд байдаг. Яг ийм эгзэгтэй үед Ардчилсан нам даргаа сонгож эв нэгдлээ зарлаж, эрх баригчдын аясаар хөдлөхөө больсон гэх дүрийг олон нийтэд харуулж мэтгэлцээн хүртэл хийн эрх баригчдыг шахаанд оруулж эхэллээ. Ардчилсан нам нэгдвэл МАН-д хамгийн их хохиролтой. МАН одоо хаалттай болох тусам хүмүүс дургүйцэж олон нийтийн дэмжлэг унана. Тийм учраас намын даргын сонгуулиа яаж хийхээс эхлээд хэн байх нь улс төрд байр сууриа хадгалах эсэх нь шийдэгдэх дээрээ тулж байна. Л.Оюун-Эрдэнэ цуу яриа шиг Д.Амарбаясгалантайгаа нийлээд том ахтай алалцаад эхэлбэл Ардчилсан нам Монгол Ардын нам хоёрын байр суурь солигдох нь цаг хугацааны асуудал юм.
Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх хоёр түр гар барьж магадгүй...
Нөхцөл байдал нэгэнт хэцүүхэн болж ирсэн энэ үед У.Хүрэлсүх дүүгээ дуудаж уулзан түр хүлээцтэй хандахыг хүсэж магадгүй юм. Угаас МАН-ын улс төр У.Хүрэлсүхийн зурсан зургаар явдаг гэдгийг бүгд харсан юм чинь Л.Оюун-Эрдэнэ төлөвлөгөөний нэг хэсэг болж үлдэн хэл ам намжтал түр хойш сууж ч мэднэ. Ахын тавьсан саналыг Л.Оюун-Эрдэнэ ч няцааж чадахгүй л болов уу. Сөрөг хүчин сэрээд байгаа юм чинь намаа авч үлдэх дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд нэгдэхгүй л бол энэ байдлаар ялагдал ойрхон. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ намаа боддог бол шүү дээ. Нэгдэж чадсан нь ялдаг гэдгийг Ардчилсан нам одоо л ухаарсан бол МАН аль эрт ухаарч олон ялалтыг авсан. Харин одоогийн хуваагдалтай байгаа нөхцөл байдал нь тэднийг юунд хүргэхийг маш сайн мэдэж байгаа. Тийм учраас У.Хүрэлсүх түр хугацаанд Л.Оюун-Эрдэнэтэй гар барьж ахан дүүсийн холбоогоо сэргээж магадгүй юм.
Сэтгэгдэл үлдээх