Ардчилсан намын шинэ дарга, засгийн газар ч тэр том ахын зурсан төлөвлөгөө юу?

.Graph
2025-09-03

Хоёр сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохын өмнө “Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн засгийн газар зурагдчихсан байсан. Ардчилсан намын ч гэсэн дараагийн удирдлагууд яригдчихсан тэр удирдлагууд нь шинээр байгуулагдах засгийн газартай очоод нийлчихсэн байсан” гэх үгийг хэлж байлаа. Мөн тэрээр “дараагийн засгийн газарт ямар хүмүүс орж байгаагаар хэн засгийн газрыг унагах ажлыг хийснийг харж болно” гэж байсан юм. Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан Г.Занданшатар томилогдож Ерөнхийлөгчийн ивээлд байдаг хэд хэдэн гишүүд түүний засгийн газарт орж ирсэн. Ингээд Ардчилсан нам ч даргаа сольж шинэ даргатай болсон. Түүний хэлснээр одоогийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл засгийн газарт орж ирэх л үлдэж байна. Хэрвээ Ардчилсан нам засагт хамтарчих юм бол Л.Оюун-Эрдэнийн зөгнөл үнэн болох нь ээ.

Нөхцөл байдал...

Нэг зүйлийг ажаад хараарай. Одоогийн засгийн газраас хамгийн их баалуулж байгаа сайд нь П.Наранбаяр. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын байдал ч хэцүүдсэн. Хөөгдөхөөсөө өмнө өөрсдөө гаръя гэж нэг дугарч үзсэн ч сайдын суудал тухтай байгаа бололтой хэсэг харзнахаар болж байх шиг. Гэсэн ч МАН шүд сугална гэвэл яаж ийгээд л сугална. Тэдний энэ байдал ХҮН, ИЗНН нарыг засгаас гаргаж Ардчилсан намыг оруулж ирэх тухай ярианы сэдэв болоод эхэлж. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл дарга болохоосоо өмнө хамтарсан засагт Ардчилсан нам орсон нь хамгийн буруу шийдвэр гарах ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан бол дарга болсныхоо дараа хамтраад явахад буруу зүйл байхгүй гэсэн байр суурьтай болсон. Түүний байдал 360 эргэсэн нь энэ. О.Цогтгэрэлийг буланд шахаж байгаа нэг шалтгаан нь Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн үед томилогдсон Ардчилсан намын боловсон хүчин. Найман жил гудамд сэлгүүцсэн Ардчилсан намынхан ашгүй нэг ажилтай боллоо гэтэл засгаас жийгдэж эргээд ажилгүй болох дээрээ тулсан. Битүүхэн хамтарчхаасай гэсэн хүсэл тэдэнд байгаа байх. Тэгж байж ажилтайгаа үлдэнэ. Гэхдээ хамтарчих юм бол Ардчилсан намын нэр хүнд, О.Цогтгэрэлийн нэр хүндэд хортой. Өмнөх дарга Л.Гантөмөр хамтарсан засагт орсноос болж олны дунд айлын хатавчинд суудаг гэж цоллуулах болсон. О.Цогтгэрэлд энэ хорын эсрэг ерөндөг байхгүй л бол намаа, өөрийгөө золионд гарган байж засагт орно. Ингээд МАН-ын эсрэг тийчлэх сөрөг хүчингүй болж 2027 он, 2028 оны сонгуульд дахин ялах нь тодорхой болж Л.Оюун-Эрдэнийн зөгнөл ч биелэх болно. Н.Номтойбаяр ордонд О.Цогтгэрэлийг дарга болохоос нь өмнө өрөөгөөр нь сэлгүүцээд байгаа гэх дэмий үг ч сонсогдох болсон. Үндэсний эвсэл, Ардчилсан нам гэсэн намууд засагт орох гээд байна уу эсвэл нийлж МАН-ыг нугаслах гээд байна уу.

Том ахын төлөвлөгөө...

Ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнийн зөгнөл биелэх боломжтой. Том ахын төлөвлөгөө нь Л.Оюун-Эрдэнийг унагаж өөрийн хүмүүсээ засагт томилж, зарим нэг намуудыг засгаас хөөж Ардчилсан намыг эргэн оруулж хэсэг хугацааны дараа дахин ардчилсан намыг хөөж ерөөсөө хамтарсан засаг худлаа юм байна гэсэн дүр зургийг олон нийтэд үзүүлээд дангаар засаглаж өрсөлдөгчгүй сонгуульд оролцох. Өрсөлдөгчгүй гэдэг нь тэр үед ХҮН, АН, ИЗНН бүгд МАН-ын бөгс долоогч болон хувирч нэр хүнд нь тооцоолсон хэмжээнд унасан байх болно. Үндсэн хуульд гар дүрэхгүй гэсэн амлалтыг өгсөн том ах Г.Занданшатарыг Ерөнхийлөгч болгож түүнээр шатрын хүү хийх болно. Ингээд 2028 онд намын дарга болоод намаа ахалж сонгуульд оролцоод дахин ялуулж Ерөнхий сайдын суудалд эргэн заларна. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ эргэн улс төрд ирнэ. Учир нь одоо Л.Оюун-Эрдэнийг намаа өгчхөөд хэсэг хойш сууж бай гээд ах дүү хоёр эргэн тэврэлдэнэ. Хэн хэнийхээ чамин нууцыг мэдэж байгаа хүмүүс эрүү, өвдөг шиг тийм ч амархан салчихгүй байх. Том ахын төлөвлөгөөг иймэрхүү байх болов уу хэмээн таамаглаж байна. Ч.Лодойсамбуу гишүүн Л.Оюун-Эрдэнийг хаан болох гэж байна хэмээн ярьж засгийн газрыг унагах ажлыг эхлүүлж ч яг жинхэнэ хаан болж байгаа хүн нь У.Хүрэлсүх юм. Үүнийг нь УИХ-ын гишүүд харж, мэдэрч байгаа ч сөрж чадахгүй. Сөрөх гэж оролдсон Л.Оюун-Эрдэнэ жишээ болж шонд өлгөгдсөн учраас. Том ах харж байгаа тохиолдолд бүх зүйл түүний дүрмээр явах болно.

Сэтгэгдэл үлдээх

360 ergene gevel butsaad bairandaa irne gesen ug. 180 gevel zuv bolov uu

hongor

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe