Монголын говь бол газар зүй, байгаль экологи, түүх, соёл, эдийн засгийн хувьд онцлог бүс нутаг. Энэхүү эмзэг, хуурай нөхцөлд ургамал мод тарих нь салхины элэгдэл, хөрсний доройтлыг багасгах, тоосжилт бууруулах зэрэг нэн чухал ач холбогдолтой.
Тэгвэл Оюутолгой ХХК 2011 оноос хойш Байгалийн ургамлын үржүүлгийн газар байгуулж 42 төрлийн ургамал, мод үржүүлэн байгальд шилжүүлэн суулгаж, тарьж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 100 сая мод өвлүүлэхээр болсон.
Тэгвэл говийн эмзэг хуурай нөхцөлд ургамал, мод ургуулах онцлогийн талаар Оюу толгой компанийн Байгалийн мод үржүүлгийн газар”-ыг хариуцаж буй "Ойн хайгуул" ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Батдэлэг ийнхүү ярилаа.
Мэргэжлээрээ 11 жил ажилласнаас сүүлийн дөрвийг нь говийн бүсэд зориулжээ. Хангайн бүсэд ургамал, мод ургуулах бол төвөггүй ажил. Харин говийн бүсэд маш их арчилгаа шаарддаг. Техникийн болоод хүн хүчний зардал өндөр байдаг. Говьд хуурай, элсэн хөрсөнд тохирсон усалгаа бага шаарддаг, ганд тэсвэртэй ургамал сайн ургадаг.
Мөн давуу тал ч бий. Тухайлбал, хортон шавж болон өвчлөл бага, нарны дулаан хангалттай учир ус чийг сайн өгч чадвал маш хурдан өндөр болдог. Жишээлбэл, 20см өндөртэй суулгасан бургас, сухай, тоорой нар энэ жил 120-160 см хүртэл өндөр ургасан байна.
Мөн түүний хувьд дараах дөрвөн ургамлыг онцолсон юм.
Хэрхэн ургуулдаг вэ
Үрээр ургуулах арга: Үрээ түүж аваад, хадгалаад, хавар эрт хүлэмжний үүрэнцэрт тарьж соёолуулан 2-3см өндөртэй болох үед нь бортого руугаа шилжүүлэн суулгана.
Эдийн өсгөврийн арга: Тухайн ургамлын навчийг ч юм уу аваад, эд эсийн өсгөврийн тусгай шим тэжээлийн бодистой саванд хийгээд үржүүлнэ. Ургамлын лабораторид хийж гүйцэтгэсэн.
Ургал эрхтээр: Тухайн ургамлын мөчрийг аваад үндэслүүлж, соёолуулан ургуулна.
Мөн хаана, ямар зориулалтаар мод тарьснаас шалтгаалан усалгааны горим ондоо зарчимтай байх ёстой талаар Говийн Улиас ХХК-ийн Инженер Б.Алтансүх санууллаа.
"Навчит төрлийн модыг тарьж ургуулж байгаа бол хавар, зун 7 хоногт нэг усална. Намаршаад ирэхээр хоёр долоо хоногт нэг ч юмуу болгоод, холдуулах хэрэгтэй. Газар хөлдөхөөс өмнө тухайн модныхоо хөрсийг нэвчтэл услаад, өвөлжүүлэх ёстой. Дараа нь чийгийн хангамж ямар байгаагаас шалтгаалан сардаа нэг ч юм уу усална" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх