Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ.
Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, худалдааны маргаан зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь бодлогын гол сорилт хэвээр байна. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэт өсөлт, давхар зээлтэй иргэдийн нэмэгдэл зэрэг эрсдэл нь санхүүгийн тогтвортой байдалд эмзэг байдал үүсгэж байгааг илтгэгчид онцолж байв.
Иймд Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн 6 хувийн инфляцын зорилтыг 2027 оноос буюу дунд хугацаанд бууруулж 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.
Харин банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд банкны өөрийн хөрөнгийн бүтцийг төрөлжүүлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг шинэчлэх, иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ зэргийг авч хэрэгжүүлэхээр мөнгөний бодлогын баримт бичигт тусгалаа.
Сэтгэгдэл үлдээх