Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээндээ Монгол Улсын Засгийн газар болон Англи–Австралийн Рио Тинто групп хоорондын стратегийн түншлэл болох Оюу толгойн уурхайд зочиллоо.
"Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Амбан захирагч Саманта Мостин, түүний нөхөр Симеон Бэкэтт нарыг хүлээн авч, Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг танилцуулав.
Амбан захирагч Саманта Мостин “Оюу толгой бол зөвхөн Авcтрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцолсон.
Мөн Амбан захирагч “Аюулгүй ажиллагаа болон хүнээ чухалчилж байгаа нь маш сайшаалтай байна. Энэ бол уул уурхайн салбарт хамгийн чухал зарчим шүү дээ" хэмээж байсан юм.
”Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер айлчлалын үеэр хэлсэн үгдээ “Оюу толгойн ололт амжилтуудаа Амбан захирагч Саманта Мостинд танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидний ололт амжилт бүр манай чадварлаг хамт олон, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн төлөөх тууштай зорилгын маань үр шим юм. Оюу толгой Монгол Улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хамт олон болон орон нутгийн тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж, байгаль орчноо хамгаалан, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх чиглэлээр ажилласаар байна” хэмээлээ.
Амбан захирагч Саманта Мостин, түүний нөхөр Симеон Бэкэтт нар уурхайд ажиллаж буй монгол, австрали мэргэжилтнүүдтэй уулзахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Идэрборгилын хотонд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцсан юм. Ц.Идэрборгилын охин И.Хонгорзул “Оюу толгой” компанийн Мэдээлэл технологийн хэлтэст ажиллаж байгаад Австралид мэргэжлээ дээшлүүлэн суралцан, өдгөө тус улсад ажиллаж амьдарч буй.
Австралийн Холбооны Улс бол Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын нөхөрлөлийн 14 улсын нэг. Амбан захирагч Саманта Мостин нь Нэгдсэн Хаант улсын хааныг төлөөлөх ба улсынхаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн дэлхий дахинаа түүнийг төрийн тэргүүний түвшинд хүлээн авдаг билээ.
Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2007 оноос “Өргөтгөсөн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байна. 1994 онд буюу 31 жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйден манай улсад, 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат тус улсад айлчилж байсан түүхтэй.
Ийнхүү 30 гаруй жилийн дараах төрийн өндөр түвшний айлчлалаар Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайн үйл явц, гүний уурхайтай танилцан хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг цохон тэмдэглэж байлаа.
Сэтгэгдэл үлдээх