Ө.Эрдэнэ-Очир: Шүүхийн шийдвэр яаж ч гарсан стратегийн өмгөөллийн хувьд зорилгодоо хүрсэн

Ц.Чимэдцэеэ
2025-09-09

“Авлига хороолол” гэх Хан-Уул дүүргийн 15-р хороонд, Энхтайваны гүүрний зүүн тал, Дунд голын ай сав газарт баригдсан Акуа гарден орон сууцны хороолын хоёр блоктой холбогдох асуудлын шүүх хурал маргааш товлогджээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн эрх ашиг хөндөгдсөн талаар анхнаас нь стратегийн өмгөөлөл хийж ирсэн Онч нүүдэл ТББ-ын Хуульч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Үүсээд буй нөхцөл байдлыг эхнээс нь сэргээн санавал Онч нүүдэл ТББ хэрхэн энэ хэрэгтэй холбогдсон бэ?

-Манай Онч нүүдэл ТББ нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд НЗД Усны тухай хууль зөрчиж, газар олгосон асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хяналт тавьж байсан.

Тухайлбал, НЗД асан Д.Сумъяабазар 2022 оны 12 дугаар сарын 11-нд А\17 тоот захирамжаар тус хорооллыг барьсан Эм энд Жи констракшн ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц” хэмээн өөрчилсөн байдаг.

Дараа нь үер болоод, олон хүн тухайн асуудалд анхаарал хандуулахад дээрх захирамжаа НЗД өөрөө хүчингүй болгосон. Гол нь энэ үед шүүхийн маргаан үргэлжилж байсан.

Ийнхүү эрх нь зөрчигдөж байгаа компани нэхэмжлэл гаргах эрхтэй болсон.

Улмаар НЗД-ын 2023 оны наймдугаар сард гарсан 1000 буюу тухайн газрын эрхийг хүчингүй болгосон, 1002 буюу тухайн газар баригдсан барилгын тодорхой хэсгийн зөвшөөрөл болон бичиг баримтыг хүчингүй болгосон шийдвэрийг тус тус эсэргүүцэж, Эм энд Жи констракшн шүүхэд хандсан.

Шүүх сая дурдсан шийдвэрүүдийн биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Энэ бол Захиргааны хэргийн шүүхээс хэрэгжүүлдэг нийтлэг урьдчилсан хамгаалалтын арга хэмжээ юм. 

Уг маргаан одоо хоёр дахь жилдээ үргэлжилж байна. 

Дээрээс нь манай зүгээс гаргасан нэхэмжлэлд хүчингүй болгосон шийдвэрийг  хүчингүй болгуулахыг шүүхээс шаардаж болохгүй учраас “анх газар олгосон шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Манай маргаан нийтдээ 5 дахь жилдээ үргэлжилж байна.

Гэтэл энэ хугацаанд барилгын компани орон сууцаа бариад дууссан. Шүүхийн маргаантай холбоотой хараахан ашиглалтад оруулаагүй байгаа.

Уг нь НЗД асан Д.Сумъяабазар анх шүүхэд гаргасан манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсан бол өнөөдрийн нөхцөл үүсэхгүй байсан.

-Энэ хэргийн ард нэг талдаа хөрөнгөө гаргаж, барилга барьсан компани болон тус орон сууцад захиалга өгсөн иргэдийн эрх ашиг, нөгөө талдаа голын ай савыг хааснаас үүдэн үер усны аюулд өртөх эрсдэлтэй нийслэлчүүдийн эрх ашиг байна. Жинлэж байгаад шийдсэн ч аль нэг талдаа хохиролтой үлдэх болов уу. Энэ тал дээр хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн шийдвэрээс бүх зүйл хамаарна. Хэрэв манай нэхэмжлэлийг хангасан тохиолдолд, Эм энд Жи констракшны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барилгыг буулгах нөхцөл үүснэ. Энэ үед эдийн засгийн хохирлоо буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх боломжтой. 

Манайх анхнаасаа НЗД газар олгосон шийдвэрээ хүчингүй болгочихлоо гэнгүүт нь нэхэмжлэлээ буцаан таталгүйгээр шаардлагаа өөрчилсөн нь яг ийм нөхцөлд буруутай этгээд нь анхнаасаа шийдвэр олгосон этгээд байна аа гэдгийг чиглүүлэх зорилготой байсан.

-Нийслэлийн удирдлагууд гарч ирэх бүрдээ бид тус барилгыг нураая гээд байгаа ч шүүх эрхийг нь сэргээгээд байна гээд байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Шүүх эрх сэргээсэн тухай ойлголт огт байхгүй.

Энэ бол дээр дурдсан захиргааны шүүхийн урьдчилсан хамгаалалтын арга хэмжээ буюу Эм энд Жи констракшн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой НЗД-ын дээр дурдсан шийдвэрүүдийн биелэлтийг түдгэлзүүлсэн л тухай юм.

"Акуа гарден" барилга өнөөдрийн хэмжээнд сүндэрлэсэн нь тухайн үеийн НЗД Д.Сумъяабазарын алдаа.

-Олныг хамарсан, басхүү анхаарлыг татсан, чих тавин чагнаж буй эдгээр шүүхийн маргаанаас эцэст нь ямар дүгнэлт, сургамж үлдэв?

-Шүүхийн шийдвэр яаж ч гарсан бай манай ТББ-ын зүгээс зорилгодоо хүрсэн. Цаашдаа голын бүсэд газар олгох зоригтой албан тушаалтан гэж байхгүй байх. Тийм эрсдэл хийх бизнесмэн олдохгүй байх. Тийм барилгад захиалга өгч, хөрөнгийн эрсдэлд орох иргэд бас байхгүй байх. Энэ бол томоохон өөрчлөлт. Усны тухай хууль гэж ийм хууль байдаг шүү, энэ хуулийг зөрчих юм бол үр дагавар нь ийм байдаг шүү гэдэг хандлагын болон тогтолцооны өөрчлөлт болсон гэж харж байгаа. 

Сэтгэгдэл үлдээх

Газар нь шүүхийн маргаантай байхад барилга нь баригдсаар байдаг нь одоо бас хуулийн цоорхой юм байхдаа.

Badam

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe