Эргэлт.мн мэдээллийн сайт үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна. Тус сайтын хамт олон нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19 ба монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын “Балдорж” шагналт анхны редакц болсон билээ.
Түүнчлэн 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болсон юм.
Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг 2021 онд эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон. Уг цуврал нь нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаан гаргаснаараа онцлог. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.
Үүгээр ч зогсохгүй эргэлтийнхэн таван жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлүүдийг баринтагласан “Эргэлт” эрэн сурвалжлах сэтгүүлийн дөрвөн дугаарыг уншигчдын хүртээл болгоод буй. Тэдний бүтээсэн “Эргэлт” сэтгүүл Монголын уншигчдын таашаалд нийцэхийн сацуу МСНЭ-ийн “Ган үзэг” шагналыг хүртсэн амжилттайгаар таван жилийн ойгоо угтаж байна.
Бүтээлээс бүтээлийн хооронд дүүлж, жигүүрлэж явахдаа он цагийн урсгалд гэрч болон үлдэх “Монголын шилдэг нийтлэл” 108 ботийн 74 дүгээр ботид Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын эрэн сурвалжлах бүтээлүүд багтсан бол 88 дугаар ботийн нэг, хоёрдугаарт Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн оргил бүтээлүүд багтан уншигчдын хүртээл болоод байна.
Хэзээ ч уншсан амь халуунаараа орших сэтгүүл зүйн даацтай бүтээлүүдээс гадна Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, яруу найрагчид хамтран “Дөрвөн өөр намар” шүлгийн түүврийг ч уншигчдад хүргэжээ. Түүнчлэн сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаасан 40 нүүртэй “Эргэлт” сонин уншигчдын гарт хүрээд хэдийнээ 700 гаруй өдрийг үджээ.
Сэтгүүлзүйн салбарт тод од нь болон гялалздаг, даацтай бүтээлүүдээрээ уншигчид төдийгүй салбарынхныгаа мялаадаг Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олонд таван жилийн ойн баярын мэндийг Graph.mn сайтын редакцаас хүргэж байна.
Сэтгэгдэл үлдээх