Үндэсний бахархал МАЗААЛАЙ

.Graph
2025-09-09

Мазаалай (Ursus arctos gobiensis) нь хүрэн баавгайн (Ursus arctos)-ы дэд зүйл бөгөөд зөвхөн Монголын говийн баруун хэсэгт байдаг, дэлхийд хамгийн ховордсон баавгайн нэг юм.  Алтайн өвөр говийн зүүн хэсгийн Гурвансайхан уул, Төгрөг нуур орчим, Говийн их дархан цаазат газар (А хэсэг), Захуй–Баянхошуу зэрэг хамгаалалттай бүсэд нутагладаг. Бүр тодруулбал элсэн манхан, хайрган говь, хад асгатай уулс, гүн жалга, хуурай хөндийд амьдардаг байна. 

Дээрх бүс нутагт усны эх үүсвэр хомс тул шүүдэр, ургамлын шүүсээр шингэний хэрэгцээгээ нөхдөг аж. Түүнчлэн эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай буюу зундаа +40°C, өвөлдөө –30°C тэсвэрлэх чадвартай. 

Мазаалайн биеийн хэмжээ 120–150 см урт, 90–120 кг жинтэй бөгөөд шаргал, бордуу; хүзүү, мөр хэсэгтээ цайвардуу зүстэй. Том босоо чихтэй, жижиг соёо шүдтэй, жижиг тавхайтай ч элсэн дээр тод ул мөр үлдээдэг байна. Тэд маш болгоомжтой, хүнээс зайлсхийдэг, өдрийн цагт бараг үзэгддэггүй амьтан. 

Мазаалайг Монгол Улсын Улаан номд “Нэн ховор” амьтны төрөл, IUCN Улаан жагсаалтад “Critically Endangered”, CITES – II хавсралтад тус тус багтаасан бөгөөд Монгол Улсын хуульд “Дархан цаазат амьтан”, "агнах, барихыг хатуу хориглоно" хэмээн хамгаалж өгсөн байдаг. 

Мазаалайг судлах зорилгоор хүзүүнд нь GPS хүзүүвч зүүлгэн камерын урхи, ул мөрийн мониторинг хийж, хуурайшилттай жилд хамгааллын багаас ус, тэжээл байршуулдаг байна. 

Эх сурвалж: Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe