УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрэл” группийн Эрдэнэбатын Тэмүүлэн, "Таван богд" группийн Баатарсайханы Амарсайхан нарт зодуулсан гэх Д.С-ийг Санжаачойпэлд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр прокуророос яллагдагчаар татжээ.
Улмаар хилийн хориг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд хүргүүлсэн.
Шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхэд болж, прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэжээ. Улмаар Д.С нь БНСУ-д үргэлжлүүлэн эмчлүүлэх боломжтой болж буй юм.
Шүүхийн тойм:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагагүй гэж үзэв.
Сэтгэгдэл үлдээх