Засгийн газрын үйл ажиллагаанд санал өгөх  “D-GOV.MN” цахим системийг нэвтрүүлжээ

.Graph
2025-09-10

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, төрийн бодлого, шийдвэрт иргэдийнхээ дуу хоолой, санал, шүүмжийг тусгах, тэдний оролцоог хангах, нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа.

Сая ирэх оны төсвийн төслийг анх удаа иргэдийн оролцоотой,иргэдээсээ санал авч боловсруулсан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл одоо иргэд, олон нийтийнхээ оролцоо, дэмжлэгтэйгээр нээлттэй засаглалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж байна. 

Энэ хүрээнд төрийн албаны шинэчлэл, реформыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр “D-GOV.MN” цахим системийг Засгийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.  

“D-GOV.MN” цахим системээр дамжуулан Засгийн газрын бодлого, шийдвэрийг төлөвлөх, боловсруулах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг авах, нийгэмд тулгамдаж буй асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулахад иргэд, олон нийт санал, шүүмжээ нээлттэй илэрхийлдэг, оролцдог болох юм.

“D-GOV.MN” цахим систем нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг журамд заасан тооны Монгол Улсын 18 насанд хүрсэн 20,000-100,000 иргэн дэмжсэн бол засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх олон нийт, хамтын оролцооны систем юм. 

Тодруулбал, 

  1. Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны чанар хүртээмж болон иргэдийн амьдарлын чанар сайжруулах зэрэг асуудлаар 20 мянган иргэний санал, 
  2. ЗГ-ын бүрэн эрхийн хүрээнд санаачлах хууль тогтоомжийн төсөл, ЗГ-аас баримтлах бодлого, шийдвэрийг төлөвлөх, шийдвэр гаргах асуудлаар 100 мянга ба түүнээс дээш санал,
  3. ЗГ-ын бодлого, шийдвэрт тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах асуудал, хяналт, шалгалт хэрэгжүүлэх, зохион байгуулалтын бусад арга хэмжээний талаар 50 мянга ба түүнээс дээш санал ирсэн бол Засгийн газар заавал хэлэлцэж иргэдийн оролцоотой оновчтой шийдвэр гаргадаг байх юм.

Үүнтэй холбоотойгоор цахим системээр ирүүлсэн саналыг ангилах, тодорхой шаардлагад нийцүүлэх үүднээс Засгийн газрын хуралдааны журамд холбогдох өөрчлөлт оруулж байгаа. 

Санал нь журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ийм ил тод нээлттэй  боломж бүрдэнэ. 

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, өргөдөл гомдлын  шийдвэрлэлтийн байдал, санхүү, худалдан авалт, шилэн данс гээд олон үзүүлэлтийг харгалзан үнэлж байхаар болж байна.

Бид энэ үнэлгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд үнэлгээ өгдөг тогтолцоог бий болгоно.

Тухайлбал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, зөвшөөрөл олгох процесс, нийгмийн даатгал, татвар, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, улсын бүртгэл, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудыг иргэд өөрсдөө үнэлдэг болно.

Ингэхийн тулд Гүйцэтгэл, тайлан үнэлэх журамд өөрчлөлт оруулан хууль эрх зүйн хувьд холбогдох зохицуулалтыг шийвэрлэн ажиллаж байна.

Яам, агентлаг гээд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд Нийт иргэд, аймаг нийслэлийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд тухайн орон нутгийн иргэд дүн тавьдаг, үнэлэлт дүгнэлт өгдөг боломж бүрдэх юм.

Энэ бүрний үр дүнд Нээлттэй төр-Ээлтэй засаг байх зорилт бүрэн хэрэгжинэ.

Эх сурвалж: ЗГХЭГ

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe