Хавдрын өвчлөлөөр харанга дэлдсэн хойд бүсийнхэн ба хавдрын шинэ төв

.Graph
2025-09-11

Шинэхэн Засгийн газрын зүгээс өнгөрсөн 8 сарын 6-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв болгохоор ХСҮТ-ийн харьяанд шилжүүлсэн юм. Хойд бүс гэдэгт Орхон, Булган, Хөвсгөл аймаг багтаж байгаа бөгөөд ойролцоох Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэд ч тус эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

Хавдартай Монгол

  • Улсын хэмжээнд 2024 онд 8169 хүн хавдраар оношлогдож, 4755 хүн нас барсан байна. 
  • Хавдраар оношлогдсон  хүмүүсийн 60 хувь нь 1 жил хүрэхгүй хугацаанд нас барж байгаа бол хавдраар өвдсөн хүмүүсийн 42.7 хувь нь дунджаар 5 жил л амьдарч байгаа аж. 
  • Мөн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 64.4 хувь нь хожуу үе шатандаа оношлогддог бөгөөд өвчлөгсдийн 87 хувь нь 45-аас дээш насандаа оношлогдож байна. 

Хавдраар харанга дэлдсэн Хойд бүс

  • Хойд бүсийн буюу Орхон, Булган, Хөвсгөл аймаг болон ойролцоох Дархан, Сэлэнгэ аймагт нийт 525,236 хүн амьдардаг. 
  • Тэгвэл эдгээр хүмүүсийн 1.1 хувь буюу 5852 иргэн хорт хавдрын хяналтад байдаг.  
  • Дээрх аймгуудаас жил бүр хорт хавдраар 1508 иргэн шинээр оношлогдож, 929 иргэн амь насаа алдаж байна.  
  • Тус бүс нь хорт хавдрын өвчлөлөөр улсдаа нэгдүгээрт, нас баралтаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг. 
  • Ихэвчлэн ходоод, элэг, уушги, хөхний хавдар зонхилж байгаа аж.

Хойд бүс дэх хавдрын шинэ төв

  • Эрдэнэт медикал эмнэлгийг ХСҮТ-ийн харьяанд шилжүүлснээр хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг хийн иргэдэд илүү ойроос цогц үйлчилгээ үзүүлэх боломж үүсэх юм.
  • Тухайлбал, тус эмнэлэгт эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. 
  • Одоогоор хоёр MRI болон томографын аппарат суурилуулсан бөгөөд цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.
  • Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллах юм. Мөн цаашид хүний нөөцөө сурган, төрөлжүүлэхээр төлөвлөжээ.
  • Эмнэлгийн байрны хувьд 6800 ам метр талбай бүхий 7 давхар барилгатай бөгөөд амбулаторийн 13 кабинет, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх 68 ортой.
  • Мөн өдөрт дунджаар 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. 
  • Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 10-16 хүртэл хувиар буурах юм байна. 
  • Түүнчлэн тухайн бүсэд хавдраар өвдсөн өвчтөн, тэдний гэр бүлд ирэх санхүүгийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж, цаг хугацааг нь хэмнэх давуу тал бий болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe