Гашуунсухайт-Ганцмод хил холболтын гэрээ "NEXT BIG" нүүрсний хулгай юу?

.Graph
2025-09-11

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт дөнгөж гурван сарын өмнө 14 мега төслийн нэг эхэллээ хэмээн сүр дуулиантай эхэлсэн. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 1955 оноос хойш хийгээгүй хил холболтыг хийлээ гэсэн гарчигтай мэдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тарсан. Удаан хугацаанд гацсан байсан ажлыг явуулсан нь ч гарцаагүй үнэн. Гэхдээ наанаа бүтээн байгуулалт дүрээр цаана нь "NEXT BIG” нүүрсний хулгай явж байсныг монголчууд мэдсэнгүй юу?

Юу болов?

Эдийн засгийн байнгын хороогоор 70 гаруй хувийн саналаар дэмжиж Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлийн төмөр замын холболтыг БНХАУ-тай хамтарсан хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барив. Гол гурван заалт нь:

  • Төмөр замын хил холболт
  • Нүүрс худалдах, худалдан авах
  • Уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх

Гэсэн зүйлүүд байв. Нэг ёсондоо хил холболтын ажлыг Хятадууд хариуцаж хийнэ. Зөрүүлээд манайх нүүрсээ 16 жилийн хугацаанд тогтмол үнээр Хятадад экспортлох. Гэрээний хугацаанд нүүрсний үнэ доод хэмжээнд очсон ч дэлхийн зах зээлийн дээд үнэд очсон ч өнөөдрийн тохирсон үнээр л худалдаална гэсэн үг. Үүнийгээ дэлхий дахинд нүүрсний хэрэглээ багасаж үнэ унаж байгаа энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах том алхам хэмээн тухайн үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байлаа. Ингээд УИХ-ын чуулганаар оруулж шуурхай хэлэлцсэний эцэст гуравдугаар сарын 27-ны чуулганы хуралдаанаар соёрхон баталсан юм. Тухайн үед чуулганы хуралдаанаар хариуцсан сайдууд хэдий хэмжээний нүүрсийг экспортлох, нүүрсээ хэдэн төгрөгөөр борлуулах вэ гэсэн асуултуудад тодорхой хариулт өгч чадаагүй билээ. Тэдний хэлж байсан ганц үг нь соёрхон баталсны дараа талууд харилцан тохиролцоно гэсэн үг байлаа.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажил нүүрс зарах гэрээ байсан уу?

Тэгвэл гэрээ байгуулагдаж бүтээн байгуулалтын ажил эхэлснээс гурван сарын дараа буюу Л.Оюун-Эрдэнийн засаг унасны дараа гэрээ алдаатай байж магадгүй гэх хардлагууд гарч ирж байна. Тухайлбал өнөөдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн гэрээ нь Монгол Улсад 10 тэрбум ам.долларын алдагдал авчирч болзошгүй хэмээн ярилаа. Түүний ярьж байгаа үндэслэл нь хамгийн сайн нүүрсээ 55 хувь байхаар заалт оруулсан, харин хамгийн хямд нүүрсээ 10 хувьд тооцсон. Нэг ёсондоо сорчилж хамгийн сайнаа хямд үнээр зарах юм.

58-р тогтоолд 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос буурахгүй гэсэн заалт бий. Үүнийг бодоод үзэх юм бол нийт 16 жилийн хугацаанд 247 сая тонн нүүрс экспортолно гэсэн үг. Өнөөгийн бирж дээрх “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсний үнэ 90 ам.доллар байна. Харин 58-р тогтоолд үнийг тооцохдоо "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож 16 хүртэлх жилээр тогтооно гэсэн байна.

Энэ нь:

  • Хатуу кокс 53.4 ам.доллар
  • Хагас коксжих 37.48 ам.доллар
  • Эрчим хүчний нүүрс 17.36 ам.доллар

Тэгэхлээр өнөөгийн ханшаар бирж дээр байгаа 90 ам.долларын нүүрсийг дээрх үнээр зарахаар тохиролцсон гэж тооцвол дунджаар 10 орчим тэрбум ам.долларыг бид 16 жилийн хугацаанд алдана гэсэн үг. Ийм алдагдалтай гэрээг Л.Оюун-Эрдэнийн засгийн газар мега төсөл гэх малгайн дор БНХАУ-тай хийжээ. Харин үүнийг нь Д.Амарбаясгалангийн танхим үг дуугүй баталж явуулсан нь улс төрийн тавцанд ч найзуудын эрх ашиг явж байгаагийн илрэл болж байна. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын ажил “NEXT BIG” нүүрсний хулгай байж болох гаргалгааг үүнээс харж болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe