Оюукийн гурван зүрх

Б.Энхтулга
2025-09-12

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн бодлыг нэг тийш нь цэгцэлж намын даргад өрсөлдөхөө илэрхийллээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх нар албан ёсоор байшин дотроос болон байшингийн гаднаас тэмцлээ хийх нь ээ. Нэг намын дарга хэдэн хүний цаашлаад улсын хувь заяаг шийдэх үеийг бид харах болж байна.

У.Хүрэлсүхэд хүнд цохилт...

Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөх нь У.Хүрэлсүхийн хүсээгүй ганц сонголт. Тэр ч утгаараа янз бүрээр Д.Амарбаясгаланг хатгаж, сануулж эхэлсэн. Гэхдээ энэ нь ахыгаа бодох уу найзыгаа бодох уу хэмээн бодож суусан Д.Амарбаясгалангийн бодол санааг цэгцэлчих шиг боллоо. Ахыгаа дагавал хуучин улс төрөөс нь гарахгүй өөрийн гэсэн үзэл бодолгүй өнчрөх юм байна гэж бодсон байх. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнэ рүү утас цохиж эрсдэлтэй алхмыг хийлээ. Яагаад эрсдэлтэй вэ гэхээр намын даргад өрсөлдөөд уначихвал одоогийн УИХ-ын даргын суудал нь ганхаж эхэлнэ. Даргаа авчихсан, засагтайгаа ч үлдсэн У.Хүрэлсүх түүнийг тайван суулгахгүй нь мэдээж. Тийм болохоор алийн болгон ахын гарын аясаар хөдлөх вэ гэж бодон өсөж томорсноо мэдрүүлэхээр өндийсөн нь энэ байх. Улс төрд арай олон жил болчихсон утсан махаар цагаан юм даруулж явсан гээд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрыг басаж болохгүй. Өсөж яваа эр, өндийж байгаа тэмээ хоёр огцом байдаг гэдгийг санах хэрэгтэй. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын далайлт түүнд хүнд тусах нь тодорхой. Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнэ ч Д.Амарбаясгалантай гээд хөөрөөд дэмий байх. Буур хөгширсөн ч бухал өвс зулгаахтайгаа шүү.

Д.Сумъяабазарын улс төрд эргэн ирэх үелзэл...

Хэрвээ Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхгүй гэж шийдсэн бол Л.Оюун-Эрдэнийн дараагийн төлөвлөгөө Д.Сумъяабазар байх байсан. Намдаа сайн ч биш муу ч биш дэмжлэгтэй хүн. Л.Оюун-Эрдэнийн нөлөөнд босоход болохгүй гэх зүйлгүй. Г.Занданшатарыг бодвол бөх, хүчирхэг, шийдэмгий зэрэг иргэдийн дуртай дүр. Д.Амарбаясгалан шийдвэрээ гаргасан болохоор Д.Сумъяабазар хойш суух нь тодорхой болж байна. Гэхдээ намын даргад ялчихвал Д.Сумъяабазарыг дэргэдээ авах нь бараг тодорхой. Өөр итгээд байх хүнгүй. Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга нь У.Хүрэлсүхийн хүн. Тэгэхлээр түүнийг холдуулж өөрсдийн хүнээ тавих байх. Тэр хүн нь Д.Сумъяабазар байх магадлал тун өндөр юм. Энэ үелзлийг ашиглаад эргээд улс төрдөө ирэх нь өөрт нь ч таатай байна биз. Харин мань хүнд Ерөнхий нарийн бичгийн даргын амбиц байгаа юу гэдэг нь сонирхолтой. Хот удирдаж, сайд хийж явсан хүн шүү дээ.

Г.Занданшатарын засаг замбараагүйтвэл хамгийн богино настай засаг болж түүхэнд бичигдэнэ...

Намын дарга гэдэг албан тушаал Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд, хүрч амжаагүй дурлал болоод байгаа. Үүн дээр одоо Д.Амарбаясгалан нэмэгдэж байна. Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёрт нэг зовлон бий. Хэрвээ намын даргаа алдчихвал Д.Амарбаясгалан нөгөө намын дарга засгийн газрын тэргүүн байх ёстой гэсэн дүрмээ яриад унавал одоогийн засаг тогтох тун хүндрэлтэй болно. Л.Оюун-Эрдэнийн хүсэл гарцаагүй тэр л байгаа. Ийм үед Г.Занданшатар намаа базахаас гадна засгаа ч бас базах хэрэгтэй. Аль хэдий нь засгийн газрын зарим гишүүд Д.Амарбаясгалаангийн нэрийг сонсоод сэтгэл санаагаар ялагдаад эхэлж байгаа биз. Тиймээс өөрсдийн багтаж болох нүхээ ухаж эхэлнэ. Ийм байдлыг л үгүй хийж Л.Оюун-Эрдэнийн хүмүүсийг ч гэсэн өөрийн талдаа урвуулах ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. Нэгэнт л улс төр юм чинь үүрдийн найз үүрдийн дайсан үгүй. Зөвхөн тухайн цаг хугацааны л хамтрал, хоёр талын эрх ашиг гэж байдгаас хойно. Дагаж үймээд байхгүй тогтвортой байж шатар тоглож суудаг шигээ таван нүүдлийн цаадхыг харахгүй бол түүхэнд үлдэхэд ойрхон байна шүү Ерөнхий сайд минь. Гэхдээ муугаар.

Х.Нямбаатарт амьсгаа авах цаг гарах нь...

Хэзээ вэ гэж л яригдаж байсан Х.Нямбаатарын хувь заяа ч намын дарга хэн болох вэ гэдгээс шалтгаална. Хэрвээ намын даргаа Л.Оюун-Эрдэнэ алдчихвал У.Хүрэлсүх нийслэлээ авах нь гарцаагүй байсан. Тийм ч учраас Х.Нямбаатарт ч гэсэн Д.Амарбаясгалангийн шийдвэр таалагдаж байгаа нь гарцаагүй. Одоо нийслэлийн намынхнаа базаад намын даргын сунгааны ажилд идэвхтэй орно. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийг унагах намын бага хурлаар уг нь нийслэлээ багцлаад Л.Оюун-Эрдэнийг дэмжих талд бат болгочихсон байсан гэдэг. Гэвч У.Хүрэлсүхийн улс төр Л.Оюун-Эрдэнэд хатуудаж ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн гэдгийг бүгд мэднэ. Нэг хийж болсон юм байна хоёр дахиа яагаад хийж болохгүй гэж. Хүч тэнцвэргүй байсан тоглоом Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшихээ илэрхийлэн 80-аад оныхонтойгоо нийлснээр үл ялиг тэнцээд ирж байхад бүгдэд л итгэл төрж байгаа байх.

Жуумалзаж суугаад тэмдэглэлээ хөтөлж байгаа Л.Оюун-Эрдэнэ

Байнгын өгсөж явсан хүнд хэсэг зуурын огцом уналт хүндхэн тусаж байгаа нь тодорхой. Тийм ч учраас уруудаж явахдаа тэр тэр ингэсэн, тийм үйлдэл гаргасан гээд тэмдэглэлээ хөтөлж байгаа нь гарцаагүй. Итгэл болон гарц байсан болоод ч тэр том ахтайгаа ам зөрж хаалгыг нь савж гарсан байх. Эргээд харин хэвлэл худалдаж авдаг, хэн нэгнийг харлуулдаг, болсон болоогүй одонцруудаар яриулдаг улс төр хийвэл хэн ч итгэхгүй. Баатарын технологи арай хуучирч дүүгээ унаж үзээгүй ёроолд нь авааччихсан. Хэн хэн нь ухаараа байлгүй. Тоглоомын дүрмийг ч тэд зохиохоо больсон. Бүх зүйл том ахын гарт байгаа. Байшингийн гаднаас хэрхэн улс төр хийх нь түүний тэмдэглэлийн дэвтэрт зурайсан биз. Саарал үүл тэнгэр бүрхэж бүх хүний бодолд банштай цай орж ирж байхад Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлийн дэвтэр дээрээ Д.Амарбаясгалан миний талд орж намын даргад өрсөлдөхөөр болов гээд гурван зүрх зурж байгаа нь тодорхой.

Хүчийг тэнцвэржүүлэгч Д.Амарбаясгалан...

Олон нийтэд Л.Оюун-Эрдэнэтэй нийлж У.Хүрэлсүхийн өөдөөс сөрж байгаа дүр нэгэнт тодорхой болчихлоо. Одоо намаа авахгүй бол гаслантай хувь заяа түүнийг хүлээж байна. Ханцуйгаа шамлаад Л.Оюун-Эрдэнийн араас У.Хүрэлсүхтэй зодолдох гээд оров уу эсвэл цаагуураа тохироотой улс төр рүү оров уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр. Ямартай ч түүний “Монгол Улсад хувь хүн биш хууль засагладаг байх ёстой”, “Нэг хүний удирдлагатай нам биш хамтын удирдлагатай нам болгох ёстой” хэлсэн үгнүүдээс харахад У.Хүрэлсүх рүү чиглэсэн үг болох нь тодорхой байгаа юм. Гэхдээ намын даргаа аваад засгийг нь зүгээр орхиж ч магадгүй. Тэртээ тэргүй намын дарга дээрээс нь УИХ-ын дарга байна гэдэг бол асар том хүч.

 

Сэтгэгдэл үлдээх

uuruuu uurtuu bichsen niitlel amarbayasgalan

bb

Дэмжих үү?

0 0

Манай сэтгүүлч ,эийтлэл ч нэртэй Нөхдүүд улс төрийн намыг ч дотор нь ,ард түмнийг ч дотор нь ТААМГАА бичдэг юм уу эсвэл ЗАХИАЛГА-т юмуу Хагалан бутаргах зүйл бичихээ больчих.Нам дүрмээрээ л болно ш д

Иргэн

Дэмжих үү?

0 0

Хоосон сенсиац байна ! Сумъяабазар мэтийн толгойгүй махан мануухай улс төрд орж дахин төөрөхгүй биз ! Голыг олсон аналитик биш

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe