УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган Л.Оюун-Эрдэнэтэй, Х.Баттулгатай, үе үеийн УИХ-ын дарга нартай гээд өргөн бүрэлдэхүүнтэй нээлтээ хийлээ. Хуралдаа тийм ч их сууж харагддаггүй гишүүд ордонд харагдаж эхэлж байгаа нь саарал ордонд сэм ярианууд их гарах бололтой. Мөн УИХ-ын зургаан гишүүний эгүүлэн татах тухай яриа ч амралтын өдрүүдээр ихээхэн гарав. Урьд өмнө нь гарч байгаагүй томоохон улс төрийг бид энэ намар харах нь гарцаагүй болж байна.
Д.Амарбаясгалангийн заль...
Д.Амарбаясгалангийн “Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэх гарчигтай ярилцлагаар ажлын өдөр эхэллээ. Д.Амарбаясгалан аливаа асуудлыг заль, ухаанаар шийдээд сурчихсан төрлийн улс төрч. Олон жил намын “Ерөнхий дарга” хийсэнтэй ч холбоотой. Ер нь түүний хашиж явсан албан тушаал дандаа зохицуулалт маягийн байсан болохоор олон хүний арга эв олсоор байгаад суучихдаг байх. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардын армиас шууд улс төр рүү орсон хатуу гэдгээрээ алдартай улс төрч. Аливаа улс төрийг тэмцэх, зодолдох, хорих гэх мэтчилэн шулуухан аргаар хийчих гээд байдаг талтай. Өнгөрсөн долоо хоногт Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшихээ зарлахдаа битүүхэн У.Хүрэлсүхийг дарангуйлагч мэтээр ойлгуулах үгсийг шидээд орхичихсон. Ингээд хэд хоногийн хугацаанд үзэгчээ бэлдэж байгаад өнөөдөр ажлын эхний өдөр, чуулганы нээлтийг тааруулан “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэх гарчигаар У.Хүрэлсүхийн дарангуйлагч дүрийг тоглуулж эхэллээ. Цаашаа олон ч “сцена” байгаа нь тодорхой. Ухаанаасаа илүү заль нь дийлдэг гэдгийг түүний энэ улс төр харууллаа.
Ордноос гадуур У.Хүрэлсүхтэй, ордон дотор Г.Занданшатартай...
Д.Амарбаясгалан ордноос гадуур Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй, ордон дотор Г.Занданшатартай улс төр хийж байна. Намрын чуулганаар УИХ-ын нэн түрүүнд хэлэлцэх асуудал бол Монгол Улсын төсөв. Тэгвэл ирэх оны төсвийг 1.3 их наядын алдагдалтай оруулж ирснээс эхлэн боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалт байхгүй гэх мэтчилэн олон шалтгийг УИХ-ын даргын үүднээс Д.Амарбаясгалан хэлэв. Энэ нь мэдээж түүний өнөө цагийн гол өрсөлдөгч болчхоод байгаа Г.Занданшатарын Засгийн газрыг онцгүй харагдуулах үйл явц юм. Үүнээс үзэхэд 2026 оны төсвөөс эхлээд татвар, нийгмийн даатгалын хуулиуд хэсэг л барьцаанд орж гацах нь тодорхой болж байх шиг. Түүний Г.Занданшатарын эсрэг барьж авсан топ улс төр нь энэ байх бололтой.
Шинэ, хуучин цагийн өдрийн одууд саарал ордонд цуглав...
Чуулганаа хамгийн олон тасалж, чөлөө авсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр нээлтийн чуулгандаа ирж суув. Тэдэнд ирэх шалтгаан угаас олон бий. Улс төр ид өрнөж байгаа энэ үед хойш суугаад байх юм бол урдаа барьж байгаа Д.Амарбаясгаланд ч тэнэг санагдана. Хүн шиг байгаад чуулгандаа суугаад хүмүүст худлаа, үнэн харагдаад явбал өөрсдөд нь ч хэрэгтэй. Тийм ч учраас Х.Баттулга цаашдаа чуулгандаа идэвхтэй сууна гэдгээ сэтгүүлчдэд ярив. Харин Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд хаалттай ханддаг хэвээрээ зүтгэсээр танхим руу гүйгээд орчхов. Тэднээс гадна нэгэн цаг үед саарал ордны улс төрийг удирдаж явсан эрхмүүд болох Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Нямдорж, С.Батболд нар чуулганы хуралд ирж суулаа. МАН доторх улс төр 80 оныхон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцтай ноцолдоод байгаа биш ах нарын ч оролцоо байгаа гэдэг нь харагдаж байна. Тухайлбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д гурван улсын тэргүүний уулзалтад С.Батболд, М.Энхболд нарыг авч явсан байсан. Тэнд тусдаа уулзалт болсон байж болзошгүй. Өнөөдөр чуулганы нээлтэд мөн УИХ-ыг даргалж байсан эдгээр эрхмүүдийг урьж оролцуулж байна. Тэгэхлээр МАН-ын дотоод хагарал үнэхээр том түвшинд очсон байж магадгүй гэдэг нь дээрх байдлаас харагдаж байгаа юм. Гэхдээ нэг том зодолдоод асуудлаа шийдчихвэл салж хагацахаа байчихдаг талтай шүү.
Эгүүлэн татах тухай яригдаж байгаа таван гишүүн...
Намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн
Эдгээр эрхмүүдийн зарим нь шалгагдаж байгаа зарим нь шалгагдаад дуусчихсан хэрэгтэй. Тэгвэл яг их улс төр өрнөж байгаа энэ үед Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарын хэрэг дахин сөхөгдөж С.Ганбаатарыг ээрч байгаа нь У.Хүрэлсүхийн хүсэл гэсэн зүйлийг С.Ганбаатар ярилаа. Байж болох л таамаг. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бодох юм бол АН-аас хүчтэй үзэх хүн нь Н.Алтанхуяг байж болох юм. С.Ганбаатар ч муугүй өрсөлдөгч гэдгээ өмнөх сонгуулиар харуулсан. Хардах талаас нь харах юм бол ял оноож сонгуульд өрсөлдөхгүй болгох ажлаа одооноос хийж байж болох юм. Харин Э.Болормаагийн хувьд Л.Оюун-Эрдэнийн найз. Улс төрд Л.Оюун-Эрдэнийг бараадаж яваад орж ирсэн. Яалт ч үгүй оффшор бүсэд бүртгэлтэй олон улсын компаниас сонгуулийн данс руу нь хандив шилжиж орсон. Сонгуулийн үеэр хорлох гэж гадаадын хөрөнгө оруулалттай тухайн компаниас мөнгө шилжүүлсэн үү. Эсвэл үнэхээр авъя гэж авсан уу гэдэг асуудал ард үлдсэн. Одоо зөвхөн тухайн мөнгийг эргүүлэн шилжүүлсэн үү үгүй юу гэдгийг л ярих юм. Хэрвээ эргүүлж шилжүүлээгүй бол эгүүлэн татагдах нөхцөл бүрдэх юм. Л.Оюун-Эрдэнийг хатгаж байгаа нэг үйлдэл байх магадлалтай. Харин Д.Цогтбаатарын хувьд шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон. Гэвч би гишүүн болохынхоо өмнө хийсэн хэрэг гээд гүрийгээд байгаа. “Төгрөг нуур” ордын наймаатай холбогддог Х.Баттулгыг одоо өрнөж байгаа улс төртэй холбоотой эгүүлэн татах тухай яригдаж байгаа гэж таамаглав. Гэвч өнөөдөр чуулганд ирэхдээ “АТГ-аас шалгасан зүйл байхгүй. Төгрөг нуураа буцаагаад авчихсан гэсэн биздээ” гэх яриаг өгсөн. Ямартай ч өнөөдрийн байдлаар аль аль намд хэн нэгэн гишүүдийг эгүүлэн татах тухай хүсэлт ирээгүй гэлээ. Тийм учраас улс төр дагасан яриа болоод дуусах магадлалтай байна.
Намрын чуулган намрын их улс төртэй хамт өнөөдөр хөшгөө нээлээ. Олон ч мэдээллийн сайтаар янз янзын гарчигтай мэдээ гарч эхэлнэ. Тийм учраас уншигч та голчтой байж шар мэдээ дагаж хууртахгүй, хар мэдээ уншиж итгэхгүй байхыг анхааруулж байна. Үргэлж бодит эзэнтэй, буух хаягтай мэдээллийн сайтаас мэдээлэл авч байх нь илүү чухал юм.
Сэтгэгдэл үлдээх