Н.Энхбаяр: Нүүрсэнд найдах биш, төсвийн орлогоо төрөлжүүлж, олон хувилбартай болгоё

.Graph
2025-09-15

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр эдийн засагч Н.Энхбаяраас зарим зүйлийг тодруулав.

Эдийн засагч Н.Энхбаяр “Дэлхийн том зах зээлүүд дээр болж буй үйл явц нь эдийн засгийн ойлголтоосоо илүү улс төр, геополитикийн олон хүчин зүйл нөлөөлдөг учир манайх шиг зөвхөн түүхий эд нийлүүлдэг улс орны хувьд тэр бүхнийг таамаглах бололцоогүй юм.

Тиймээс тэр бүхнээс жаахан зайлсхийж, эдийн засгаа тогтворжуулж, төрөлжүүлнэ гэсэн зорилт руугаа явах хэрэгтэй байна.

Өнгөрсөн хоёр жил хөөсөрсөн зэс болон нүүрсний үнэ буурч байна. Үнэ ханш, түүнийг дагаад эдийн засаг савлагаатай байсан учир бид энэ тал дээр их алдаж ирсэн. Савлана гэдгийг ойлгоогүйгээс улстөрчид эрдэс баялгийн үнэ ханш байнгын өсөлттэй байх юм шиг бодоод төсвөө өндөр төлөвлөж үрэлгэн зарж ирсэн.

Нэгэнт өсгөсөн зардлыг буцааж хасахад сөрөг үр дагавар ихтэй. Нэг жилийн өндөр төлөвлөсөн төсөв нь дараа жил нь бүгдээрээ хасагдахгүй байна. Барилга болон тоног төхөөрөмжтэй холбоотой зардлуудыг хасаж болж байна. Суурь цалин, тэтгэвэр, урсгал зардлыг буцаад хасахгүй байна. Хассан ч гэсэн нийгмийн олон салбарын асуудлыг хөнддөгөөр маш хүнд тусах жишээний.Үүнийгээ одоо л бид бага сагаар ойлгож эхэлж байна.

Цаашид савлагаатай байдлаас зайлсхийхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан юм. Хамгаалахын тулд энэ Тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан юм шүү дээ.

Тиймээс цаашид бид түүхий эдийн экспортын үнэ ханш, биет хэмжээг бус төсвийн орлогоо төрөлжүүлж, аль болох олон хувилбартай байх ёстой. Ядаж л эдийн засаг маань 1-2 түүхий эдээс хамаарахгүйгээр түүхий эд нь өөр өөр төрлийн байвал үнэ ханшийг таамаглах боломж нь илүү сайжирна” гэсэн юм.

Алт, зэс, нүүрсний үнийн төсөөллийн талаар тодруулахад тэрбээр “Нүүрсний үнэ жишээ нь маш их савлагаатай байна. Бид биет хэмжээг тааварлаж чадахгүй байна. Урд хөрш БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт хэр байхыг бид мэдэхгүй байна. Нийт хэмжээг мэдлээ ч гэсэн түүнийг Австралиас уу, Оросоос уу, Монголоос авах уу? Аль улсаас түлхүү худалдан авах нь ойлгомжгүй байна. Бид таамаглаж чадахгүй юман дээрээ тулгуурлаад төсвөө хийгээд байгаа учир савлагаатай байгаа юм.

Нүүрс дээр урд хөршийн хэрэгцээнээс гадна манай өөрийн дэд бүтцийн асуудал учирч байгаа. Бид дэд бүтцээ аль 2019-2020 онд холбочихлоо гэж ойлгож байсан. Гэтэл тийм биш байсан. Одоо холболтын ажлыг хийгээд 2028 онд дуусах гэж байна.

Бидний дахиад нэг ойлгож анхаарахгүй байгаа зүйл нь “коксжих нүүрс нь ган төмөрлөгийн түүхий эд юм” гэдэг. Ган төмөр хэдий чинээ борлогдож байгаагаас хамаараад коксжих нүүрс болон төмрийн хүдрийн эрэлт өснө. Гэтэл харамсалтай нь энэ салбарт БНХАУ-ын баримталж буй бодлого эсрэгээр байна.

2025 оны 8 дугаар сараас БНХАУ-ын салбарын 5 яам, Үндэсний шинэтгэлийн хороо гэсэн 6 төв байгууллага нь “Хятадын гангийн үйлдвэрийг хэрхэн тогтворжуулах” гэсэн төлөвлөгөө гарган ажиллаж байх жишээний. Эрэлт тал дээр ийм өөрчлөлтүүд гарахаар байна.

Нүүрсэнд найдах цаг өнгөрсөн. Тиймээс зэс хайлуулж боловсруулах, газрын ховор элемент, уран зэргээр зөвхөн нүүрснээс хамаарах байдлыг арилгаж бусад түүхий эдийн боловсруулалт, экспорт дээрээ анхааръя" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe