Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Баянхөндий уурхай аж үйлдвэрийн цогцолбор төсөл ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монгол улсын эрдэнэсийн санд тушаах арга хэмжээнд Монгол Улсын ЗГ-ыг төлөөлж Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Монголбанк, Баянхонгор аймгийн удирдлага, Канад улсын элчин сайдын яам холбогдох бүрэлдэхүүний хамт оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг Монголбанканд хүлээлгэн өглөө.
Канад Улсын хөрөнгө оруулагчдын 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрэл хайгуулын ажлын үр дүнд нээн илрүүлсэн уг орд газар дээр нийт 500 гаруй тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар 1400 гаруй монгол залуусын гараар бүтээн босгосон уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамж дэд бүтцийн аж үйлдвэрийн цогцолбор баригдсан байна.
Энэхүү төсөл нь байгаль орчинд үзүүлэх нөлөө эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хянаж удирдах шинэ технологид суурилсан, ашиглалт үйлдвэрлэлийн шатанд 400-500 орчим ажлын байр шинээр бий болгож, түүний 50 орчим хувийг аймаг орон нутгийн залуусаас сургаж бүрдүүлэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Монгол улсын эрдэнэсийн санд тушаана. Улсын төсөв, аймаг орон нутгийн төсөвт, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой төсөл.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт шинэ хуудас нээж буй энэхүү цогцолбор төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд жил тутам олборлон боловсруулж Монголбанканд тушаагддаг алтны 15 хүртэл хувийг үйлдвэрлэхээр зорьж ажиллана.
2024 онд Монголбанканд нийт 16.5 тонн алт тушаасан тоо энэ оны эхний 8 сарын байдлаар 7.7 тонн гүйцэтгэлтэй явж буй нөхцөл байдалтай уялдуулан алт үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэх, түүгээр дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Монгол улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Алт-3 аяны бодит үр дүн ийнхүү гарч эхэллээ.
Сэтгэгдэл үлдээх