Дэлхийн бизнесийн соёлоор бойжсон монгол үйлдвэрлэгчид

.Graph
2025-09-16

З.Цэлмэг

“Өсөлт дэвшил ба хариуцлагыг жолоодох нь” уриатай “Mining Week & MinePro 2025” арга хэмжээний хүндтэй зочдын нэг бол сум, орон нутгаас хүрэлцэн ирсэн ханган нийлүүлэгчдийн төлөөлөл юм. 

Уул уурхайн том төслүүдийн ачаалал авдаг сумын ханган нийлүүлэгчдийн хөгжил дэвшлийн түүхийг сонирхох нь эгээтэй л өөр газар орны сонин сайхан хуучилж буй мэт сонор мялааж, нүд баясдаг юм. 

Ийм сонирхолтой зочдыг олж уулзахаар бид “Оюу толгой” компанийн асрыг зорив. Асрын баруун жигүүрийг дотоодын, ялангуяа орон нутгийн ханган нийлүүлэгчдэдээ зориулан тохижуулжээ. 

Хаалгаар ормогц л “Шинэ Ханбогд” хороолол төсөл нүдэнд тусав. Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх шийдвэр гарснаас хойш тэнд шинэ шинэ бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж буй. Ийм том бүтээн байгуулалтын нэг нь “Шинэ Ханбогд” хороолол аж. Бараг сумын бүх өрх орох боломжтой буюу 2500-3000 айлын орон сууцны төсөл юм. Энэ төслийг “ Шинэ Ханбогд Девелопмент” ХХК хэрэгжүүлж байгаа аж.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ-Очир “Бид анх төслөө 1500 айлаар төлөвлөсөн ч энэ зорилтоо маш богино хугацаанд биелүүлсэн. Тиймээс улам амбийцтай зорилт тавьж 3000 айлынх болгосон” гэв. 

“Шинэ Ханбогд Девелопмент” ХХК “Оюу толгой” компанитай хамт өсөж дэвжсэн түүхтэй. Тэртээ 15 жилийн өмнө ган бөмбөлөгийн тээвэр ложистикийг нь хийж эхэлснээр хамтын ажиллагааных нь суурь тавигдаж байжээ.

Б.Эрдэнэ-Очир “Тухайн үед Ханбогд, Өмнөговийн компаниудтай хамтарч ажиллахад Оюу толгойн зүгээс үл итгэх хангалттай олон нөхцөл байсан. Чадамж сул, туршлага гэхээр зүйл ч үгүй. Санхүүгийн хувьд ч бараг хоосон. Менежментгүй байгаа нь Оюу толгойн хувьд ажлыг нь гацаах маш том эрсдэл байсан. 

Гэхдээ л орон нутагт үр өгөөжийг шингээх талаас бид компанитай харилцан ний нуугүй ярилцсаар эхний ажлыг хийхээр болсон. Манлайлж байгаагийн хувьд би бусдынхаа өмнөөс эрсдэл үүрч, хэд хэдэн компанийг ган бөмбөлөгийн тээвэрлэгчээр оруулсан. Гэтэл зарим нь санхүүгээ зохицуулаагүй, ажлаа төлөвлөөгүй, цаг нь болохоор болно доо гээд сууж байсан нь үнэн л дээ. Оюу толгойн удирдлагууд ажил юу болж байгааг байн байн асуудаг байхад надад тухайн үед маш хүнд байсан. Гэхдээ л бид итгэлийг нь алдахгүй гээд зүтгэсэн. Тэр үетэй харьцуулахад одоо бол байдал огт өөр болсон байна” гэлээ. 

Тэр цагаас хойш тус компанийн үйл ажиллагаа өргөжсөөр 10 гаруй салбарт үйл ажиллагаа явуулдаг, 21 аймгаас цугласан 300 орчим ажилтантай групп компани болжээ. Ханбогд суманд орон сууцны хорооллоос гадна эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, сургууль гээд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдсэн хот болгохын төлөө бүтээн байгуулалтуудаа хийж байна. 

Ханбогдын уугуул иргэний хувьд Б.Эрдэнэ-Очир сум, орон нутгаа хөгжүүлж, хотын статустай болгох, ард иргэд нь дэлхийд 4-т орох том төслийн үр шимийг хүртэж, ажилтай орлоготой, ахиж дэвжсэн бизнестэй байх тал дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхаасаа л зүтгэж байснаа дурсав. “Иргэний хувьд ч, орон нутгийн удирдлагын хувьд ч Оюу толгойтой ойлголцох нь чухал тул бүхий л түвшинд хамтарч ажиллахыг зорьсон. Тухайн үед гэхдээ ханбогдын иргэдэд Оюу толгойгоос орлого орно гэдэг бараг боломжгүй, хэцүү байсан. Гэхдээ хоёр талаасаа зориглож, Оюу толгой ч орон нутгийн иргэдэд төслийн үр өгөөжийг хүртээх маш том бодлогын дэмжлэг өгснөөр өнөөдөр Өмнөговь аймаг, Ханбогд сумын аж ахуйн нэгжүүд Оюу толгойтой хамтран ажиллаж байна. Ханбогдыг хот болгоход Оюу толгойн дэмжлэггүйгээр шийдэхэд бас хэцүү байсан” гэлээ. 

Оюу толгой төсөлтэй хамтран ажилласнаар бизнесийн хувьд маш богино хугацаанд өсөж дэвждэгийн нэг тод жишээ бол “Баян цемент” ХХК юм. Төв аймагт шохойн чулуу олборлон боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг тус компанийн “Оюу толгой” ХХК-д нийлүүлдэг технологийн шохойн хэмжээ 4 жилийн дотор 2.5 дахин нэмэгджээ.

Компанийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал А.Бат-Орших “Анх 2020 онд Оюу толгойн зарласан шохой ханган нийлүүлэх нээлттэй тендэрт оролцож байсан. Хэрэв энэ тендэрт шалгарвал бидэнд маш том ирээдүй байна гэж харсан. Гэтэл тэнцээгүй. Тиймээс “Оюу толгой”-той эргэж холбогдоод яагаад тэнцээгүй, яавал тэнцэх талаар асууж, тэд ч мөн сайн зөвлөж өгсний үндсэн дээр анхны ханган нийлүүлэлтээ хийж, хамтын ажиллагааны сууриа тавьж байсан” гэлээ. 

Технологийн шохой бол зэсийн хүдрийг хөвүүлэн баяжуулж, баяжмал гаргаж авахад ашигладаг, импортыг орлох гол түүхий эд. Зах зээл дээр цөөн тоглогчтой. Гэхдээ том төслүүдийг дагаж хөгждөг, технологи шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн нэг том жишээ нь “Баян цемент” ХХК юм. 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, монголчууд өөрсдөө барьж байгуулсан үйлдвэр юм. 2023 онд хүчин чадлаа 2.5 дахин нэмэгдүүлж, хоёр дахь шинэ үйлдвэрээ нээжээ. 21 аймгийн 83 хүнийг ажлын байраар хангаж байна. Том төслийн ханган нийлүүлэгч болж, хамтран ажилласнаар ашиг орлогоос гадна бизнесийн хувьд ямар өгөөжтэй байсныг А.Бат-Оршихоос асуухад “ Оюу толгойг энгийн, аюулгүй, мэргэжлийн гэсэн гурван үгээр илэрхийлж болно. Ханган нийлүүлэгчээ шалгаруулахаас эхлээд гүйцэтгэлийн шалгуур үнэлгээг хангах гээд хамтын ажиллагааны бүх түвшинд компанийг маш сайн хүмүүжүүлдэг. Бидний хувьд ч мэргэжлийн түвшний хүмүүстэй харилцахын тулд мэргэжлийн байхыг шаарддаг. Тийм учраас компанийг зөвхөн эдийн засгийн талаас гадна тайлан төлөвлөгөө, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байх гээд бүх түвшинд хүмүүжүүлж өгдөг” гэлээ. 

Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага гэдгийг зөвхөн мөнгөн тэтгэмж, хандив дэмжлэг гэдэг ойлголтоор илэрхийлдэг үе ард хоцорсон. Харин хамтран ажиллагчид, ханган нийлүүлэгчдээ өсөж хөгжих, бизнесийн соёл суралцах, үйл ажиллагаандаа нийтлэг хэм хэмжээ, үнэт зүйлийг эрхэмлэн төлөвшихөд нь бойжуулахыг хэлдэг болсон. Энэ ч утгаараа “Оюу толгой”-д ханган нийлүүлэлт хийж л байгаа бол дэлхийн бизнесийн соёлд суралцаж, өсөж бойжих нь цаг хугацааны л асуудал юм. Сумын ч бай, нийслэлийн ч бай ялгаагүй.

“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газрын Ерөнхий менежер Хикмет Гаибов сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Анх жижиг компаниас эхэлж байсан манай ханган нийлүүлэгчид өнөөдөр өсөж хөгжин, Оюу толгойн хүрээнээс хальж уул уурхайн салбарын хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлдэг болсон” гэлээ. 

“Оюу толгой” компанийн ханган нийлүүлэлтийн бодлого нь тухайн сум, орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй нь маш нарийн уядаж явдаг. Тухайлбал, 2024 онд “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдээ чадавхижуулах, тэдний ажиллах хүчийг нь сургаж хөгжүүлэх, орон нутагт хөрөнгө оруулах зэрэгт гол анхаарлаа хандуулж ажиллажээ. “Оюу толгой” компанийн жилийн худалдан авалт 1.5 тэрбум орчим ам.доллараар хэмжигддэг. Үүний 90-ээд хувийг дотоодын ханган нийлүүлэгчид эзэлдэг байна. Энэ үзүүлэлтийг улам ахиулж, ирэх онд ч үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь компанийн хувьд гол анхаарах чиглэл болж байгааг Хикмет Гаибов онцоллоо. 

Сүүлийн гурван жилийн дунджаас харахад “Оюу толгой” компани дотоодын 500-600 орчим, Өмнөговь аймгийн 100 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг. Мөн хугацаанд нийт худалдан авалтынх нь 90 орчим хувийг үндэсний худалдан авалт эзэлдэг бол Өмнөговь аймгаас жил бүр 300 орчим сая ам.долларын худалдан авалт хийдэг аж. “Оюу толгой” ХХК мөнгөний урсгалыг Монголдоо үлдээх, үндэсний худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв” санаачилгыг хэрэгжүүлддэг бөгөөд санаачилгын ачаар 20 орчим жижиг, дунд үйлдвэрлэл ашиглалтад ороод байна. Харин тэд дэлхийн бизнесийн соёлыг шингээсэн Монголын үйлдвэрлэгчид болж бойжих болно. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe