АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 5-нд “Батлан хамгаалах яам”-ны нэрийг “Дайны яам” болгон өөрчлөх захирамжид гарын үсэг зуржээ.
АНУ-ын зэвсэгт албыг хянадаг тус яам нь анх 1789 онд Засгийн газрын түвшний агентлаг хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд 1949 он хүртэл “Дайны яам” байсан аж.
Харин 1947 онд дэлхийн хоёрдугаар дайны дараа Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар энэхүү нэрийг “Батлан хамгаалах яам” болгон өөрчилсөн байна.
Тус газрын нэрийг өөрчилсөн нь Трамп ажлаа авснаас хойш гарын үсэг зурсан 200 дахь захирамж юм.
Тэрээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд АНУ-ын цэргийн ялалт хангалтгүй байгаатай холбоотойгоор тус яамны нэрийг өөрчлөх болсон тухайгаа ярив. Мөн “Бид дайн бүрд ялах боломжтой байсан. Гэхдээ бид улс төрийн хувьд сэрэмжтэй байхыг сонгосон. Бид үүрд тулалдах болно” гэжээ.
Дайны яамны нарийн бичгийн даргаар Батлан хамгаалах яамны сайд Пит Хэгсэтийг томилж, дайны нарийн бичгийн дарга хэмээн нэрлэсэн байна.
Тэрээр тус захирамжид гарын үсэг зурах үеэр үг хэлэхдээ "Энэ нь зөвхөн нэрийг нь өөрчлөх биш, харин сэргээх явдал юм" хэмээн нэмж хэлжээ.
Мөн яамны веб сайтыг "АНУ-ын Дайны яам" гэсэн гарчигтай хамт war.gov болгож өөрчилсөн байна.
Сэтгэгдэл үлдээх