Монгол ардын нам гэж 100 жилийн түүхтэй социал-демократ үзэл санааны нэгдэл болсон намаар бид сүүлийн найман жил төрийн эрх бариуллаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь сүү шиг байдаг ч бодит байдал дээр эргээд бидэн рүү хар ус цацаад дуусдаг. Гэвч бид сүүлийн хоёр сонгууль дараалан сонгосон. Бид биш тэд ч юм уу. Учир нь энэ нам олон жилийн түүхийн хугацаанд институтийн түвшинд хүртлээ хөгжсөн. Хорооны байцаагч аниа нар Ардын намаас өөр нам дэмждэг айлд үйлчлэх дургүй болтлоо өөрсдийн тогтолцоог өрсөн.
Сонгогчдыг өөрийн намын гишүүн болгож доороос нь дээш албан тушаал, давуу байдал олгож байгаа. Энгийн нэг Тулга, Ганаа, цэцэгээг өөрийн намд урвуулан гишүүн болгох нь улс төрийн намын хийх ёстой ажил ч нэг нам давуу эрхээ эдлэн сонгуульд нөлөөлж байгаа нь социалист систем энэ намтай үргэлж хамт байдаг гэдгийн нотолгоо.
/Улс төрийн нам өөрийн хүрээг тэлэхийн тулд энгийн иргэдийг өөрсдийн талд урвуулан намын гишүүн болгох үйл ажиллагаа нь улс төрийн намуудын хийх гол ажлуудын нэг юм/
Тэр ч утгаар монголд гурван хүн тутмын нэг нь Монгол Ардын намыг дэмждэг гэх статистик хүртэл гаргахад буруудахааргүй байдалд бид хүрсэн байна. Энэ намын үзэл баримтлал нь социал-демократ гэж бичвэрийнхээ хамгийн эхэнд бичсэн. Энэ үзэл баримтлал нь эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэхийг түлхүү баримталдаг. Яг одоогийн байдлаар эрх барьж байгаа МАН төрийн өмчит үйлдвэрийн тоог нэмэгдүүлдэг, эдийн засгийг төрийн хараат байлгахад чиглэдэг гэх мэтчилэн яг өөрсдийн үзэл баримтлалын дагуу л явж байгаа. Ийм үзэл баримтлалтай намаас бид эдийн засгийн эрх чөлөө хүсээд ямар ч нэмэргүй. Татварын бодлогоор хүчтэй нь хүчгүйгээ чирдэг тэдний үзэл баримтлалаас татварын реформ хүсээд ч хэрэггүй.
Сөрөг хүчний улс төрчдийн эдийн засгийн эрх чөлөө ярьж эсвэл татварын реформийг шахаж байгаа үйлдэл нь нэг талаасаа улс төр нөгөө талаасаа сөрөг хүчний л хийж байгаа үйлдэл юм. Эсвэл бүр нөгөө талаасаа тэдгээр хүмүүс эрх барьж байгаа намынхаа улс төрийн үзэл баримтлалыг ойлгодоггүй байх. Улс төрийн нам үзэл баримтлалынхаа дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой. Тийм ч учраас МАН-аас бид хийх ёсгүй зүйлийг нь нэхэх ямар ч утгагүй.
Хулгайчийг нь мэдсээр байж нэг гэрт орчхоод хулгай хийлээ гэж үглэх “авгай” шиг л байдалтай явсаар бид найман жилийг ардаа үджээ. Хэдэн саяар эхэлдэг байсан хулгай хэдэн их наяд болоод ирэхлээр тоог тоохоо больж, төрийн албанд очсон дарга нар өөрөө ч бүдүүрч машин, орон гэр нь ч бүдүүрэхийг хараад тийм байх ёстой мэт хандаж, хэлсэн үгийнхээ төлөө шоронд ачигдаж байхыг хараад энгийн мэт өнгөрөөдөг болж, нүдэндээ галгүй нүүрэндээ ярвайлтай хөмсгөө зангидаж хэнд ч юм бүү мэд хэн нэгэнд гомдож, бухимдсан ард түмэн болж хувирчээ. Бид өөрөөр харж, өөрөөр сэтгэж нийгмийн байдлаа өөрчлөхгүй бол 1990 он хүртэл хөгжиж ирсэн социализм биднийг одоо болтол дагасаар байна.
МАН нүүрэн дээрээ ардчилал, хүний эрх, эдийн засагт төрийн оролцоог багасгана гэж ярьдаг ч үзэл баримтлалынхаа эсрэг үйл хийхгүй. Харин бид өөрсдийнхөө үзэл баримтлалыг өөрчилж байшингийнхаа гаднаас нэг харахгүй бол хагас цэрэгжсэн гэдэг шиг хагас социалист нийгэмд амьдарсаар сүүлдээ нэг хүний дарангуйлал руу шилжиж бүтэн цэрэгжих болно. Бид юу хүсээд байна вэ гэдгээ мэдэж байгаа ч хэнээс түүнийгээ хүсээд байгаагаа мэдэхгүй байна. Тийм ээ бид социал-демкократ намаас бүтэн ардчилал нэхээд яах юм бэ?
Сэтгэгдэл үлдээх