Энэ жил нийт 400 цэгээр түлш борлуулах бөгөөд 10 сарын 1 хүртэл хуучин хэрэглэж байсан Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэгчдэд түгээх юм.
Харин 10 сарын 1-нээс энэ жил шинээр нэвтрүүлж буй хагас кокс түлшийг сонголтод нэмэх аж. Хэрэглэгчид 7 хоногт 7 шуудай түлш худалдан авах боломжтой бөгөөд хагас кокс болон сайжруулсан шахмал түлшнээс сонгож авах боломжтой юм.
Ийнхүү сонголттой болсноор иргэд хагас кокс болон сайжруулсан шахмал түлшийг харьцуулан, хувийн дүгнэлтээ гаргах боломжтой гэж нийслэлийн зүгээс үзжээ.
Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гарахаас өмнө Монгол Улсын шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн, олон улсын лабораториудад шинжлүүлжээ.
Энэ жилийн тухайд “Сайн” картаас гадна HOTULA аппликейшнээр дамжуулан түлшээ худалдан авах боломжтой. Ингэхдээ 12 сарын 15-нийг хүртэл HOTULA аппликейшнийг туршилтын журмаар ажиллах бөгөөд энэ хугацаанд иргэдэд тус аппликейшнийг танилцуулж, аливаа системийн доголдлыг засварлах, шинэчлэх зэргээр ажиллах аж.
Ийнхүү 12 сарын 15-наас тус аппликейшнийг бүрэн ашиглалтад оруулж, хэрэглэгчид тус аппликейшн дээр цахим карт үүсгэн түлшээ худалдан авах боломжтой аж.
Мөн ирэх долоо хоногоос иргэний үнэмлэхийнхээ QR кодыг ашиглан түлш худалдан авах боломжтой болох гэнэ. Ингэснээр заавал “Сайн” карт ашиглах шаардлагагүй болно гэж үзжээ.
Энэ жил 306 мянган тонн хагас кокс түлш хэрэглэх бөгөөд гэр хорооллын яндангаас гарах агаарын бохирдлын хэмжээг 45-50 хүртэлх хувиар бууруулна гэх судалгааг албаныхан гаргажээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй дараагийн чухал ажил бол 5000 өрхийг газны хэрэглээнд шилжүүлж буй явдал юм. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүргийн Гандан, Телевиз, Баянхошуу орчмын 5000 өрхийг газ руу бүрэн шилжүүлэх бөгөөд үүнээс урьтаж эдгээр өрхүүдийн гэр байшинг дулаалах ажил үргэлжилж байна. Дулаан алдагдлыг бууруулж, гэр байшингаа дулаалснаар газны хэрэглээ буюу зардлыг бууруулах боломжтой юм. Хэрэв дулаан алдагдлаа бууруулаагүй тохиолдолд түлш, газ алиныг нь ч хэрэглэсэн зардал өсөх юм. Газ руу шилжих бүсийн айлууд 22 цэгээс газаа цэнэглэх боломжтой гэнэ.
Энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлж 2027-2028 оны халаалтын улирал эхлэхэд 105 мянган өрхийг газ руу шилжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх