УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Цаазын ялыг сэргээх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Энэ бол сүүлийн үед чих дэлсээд буй хүн амины хоёр ч онц ноцтой гэмт хэргээс үүдэн гарсан хууль тогтоочийн байр суурь. Үүнтэй холбоотойгоор нийгэм хуваагдаж, олон нийт зөв бурууг нь дэнсэлж байна.
Амийг амиар буюу хүний амь хөнөөсөн хүнийг цаазаар авах ял шийтгэлийн хэлбэрийг “Таллионы хууль” гэх ба МЭӨ 1750 он орчим хэрэглэдэг байжээ.
Хүний нийгэм хувьсан өөрчлөгдөж, шинэчлэн сайжрахын хэрээр ял шийтгэлийн зорилгыг өшөө авах бус хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх хэмээн тодорхойлох хандлага давамгайлсан.
Ийнхүү дундад зуунаас өнөөг хүртэл хүнлэг, энэрэнгүй бөгөөд илүү ухаалаг ял шийтгэлийн бодлогыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн.
Илүү ухаалаг гэсний учир цаазын ял нь өшөө авах сэтгэлгээг дэлгэрүүлдэг ба нийгмийг эмзэг, тогтворгүй болгоод зогсохгүй улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон ашиглагдсаар иржээ.
Тухайлбал Иранд улс төрийн эсэргүүцэгч, хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч, сөрөг үзэлтэнгүүдийг терроризм, улс төрийн гэмт хэрэгт ял тулган цаазаар авдаг.
Манай улсад хуулийн дагуу гадаадын эсэргүүцэлтэй тэмцэх нэрийдлээр цаазаар авах ял шийтгэн 45-50 мянга зарим эх сурвалжид 100 мянган хэмээн тэмдэглэсэн гэмгүй иргэдийг 1937-1939 онд хөнөөсөн байдаг. Уг үйл явдал “их хэлмэгдүүлэлт” хэмээн түүхэн сурвалжид үлдсэн.
Иймд цаазын ял нь хүний хийсэн хэрэгт шийтгэл ногдуулахаас илүү эрсдэлтэй, сөрөг үр дагавар дагуулдаг байна.
Цаазын ялын оронд бүх насаар нь хорих ял шийтгэлийг санал болгодог ба энэ нь хүн өөрийн хийсэн үйлдэлдээ биеэр хариуцлага хүлээх, хорих байгууллагад урт хугацааны хөдөлмөр эрхлүүлэх, сургалт, үйлдвэрлэлд оролцуулах боломж олгож, эдийн засгийн эргэлт бий болгодог.
Мөн АНУ-д хийсэн судалгаагаар нэг цаазын ялтай хэрэг бүх насаар хорихоос хэд дахин илүү зардалтай байдаг аж.
Дэлхийн 113 орон тус ялыг бүрэн халсан ба Эмнести олон улсын байгууллагын судалгаагаар 2024 онд цаазаар авах ял гүйцэтгэсэн 15 орон байна.
Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протокол-д нэгдэж, цаазын ялыг бүрмөсөн хэрэглэхгүй байх амлалт өгсөн.
Энэ нь нэг талаас бидний олон улсад хүлээсэн үүрэг. Нөгөө талаас Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын биелэл билээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Цаазын ял гэдэг чинь хуулийн дагуу хөнөөе өө л гэсэн үг шүү дээ. Хууль тогтоогчид нь “Хүн алъя аа!” гээд хээв нэг яриад суудаг байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Хэн нэгнийг хэлмэгдүүлж алах боломжийг эрх зүйн орчинд бүрдүүлж болохгүй! Үзэн ядалтаар нийгмийг эрүүлжүүлж чадахгүй. Харгислалаас болж сохорч болохгүй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Цаазын ял бол төр өөрөө хууль гаргаад хүн алж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цаазын ял шийдэл биш.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Цаазын тухайд болох юм уу, болохгүй юм уу гэдэг дээр ажлын хэсэг байгуулах хүсэл, санал гаргаж байна.
Сэтгэгдэл үлдээх
Нара хочит минь алаад бай алаад бай
Жамц
Дэмжих үү?
0 0