2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, түүний дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ өвөл нийслэлийн иргэд хэрэглэнэ.
Хагас коксон шахмал түлш нь хатуу түлшний хувьд хамгийн цэвэр бөгөөд “Утаагүй түлш” юм. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүж, хагас кокс болгодог. Дараа нь гаргаж авсан хагас коксоор шахмал түлш хийдэг. Ингэж хагас коксон шахмал түлш үүснэ.
ШУТИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, МУ-ын зөвлөх инженер Б.Тунгалагтамир:
- Хагас коксжуулалтын процесс гэдэг нь агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хэлдэг. Дэлхий дахинд харьцуулсан судалгаануудыг судалгааны түвшинд болон үйлдвэрлэлийн түвшинд бодитоор хэрэгжүүлсэн байдаг. Хагас коксжуулаад гаргаад ирсэн шахмал түлшээ бусад нүүрсээр хийсэн түлштэй харьцуулахад NOx, SOx, PM2.5, PM10-ын үзүүлэлт 30-60 хувиар буурч байгаа гэх тоо баримтууд гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа буюу бидний хортой гэж нэрлэдэг NOx, SOx, PM2.5, PM10 гэх хийнүүдээс гадна хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлж болохуйц үзүүлэлт, түүнд агуулагдаж байгаа олон цагаригт нүүрстөрөгч, устөрөгчийн агуулга хэр байгаа вэ гэдгийг тодорхойлдог болчихсон. Гүн боловсруулалтын процесс нь эдгээрийн агууламжийг багадаа 70-80 хувийн хооронд салдаг гэх судалгаанууд гарсан.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн багажит шинжилгээ, тооцооллын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Нарангэрэл:
- Нүүрснээс хий, шингэн, хатуу түлш гаргаж авах боломжтой. Үүнээс хамгийн энгийн технологи нь коксжуулалт. Коксжуулалтыг дотор нь өндөр температурын болон хагас коксжуулалт гэж хоёр ангилдаг. Бид энгийн нүүрсийг түлж эхлэхэд муухай үнэртэй, угаар ихтэй байдаг. Нүүрс шатаахад эхлээд дулааны задралд ордог бөгөөд задралаас үүссэн уур, хийн бүтээгдэхүүн шатсанаар нүүс аажим шатах процесс явагддаг. Тэгэхээр нүүрсийг шатаахад задралын бүтээгдэхүүнүүд алдагдсанаар угаар, үнэр гарч, агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болдог. Харин түүхий нүүрсийг үйлдвэрийн нөхцөлд, дулааны задралаар бүх бохирдол, давирхай, хорт бодисуудыг нь ялгаж авснаар хагас кокс бий болдог. Ийнхүү хагас коксыг гэрийн нөхцөлд түлснээр дээрх хорт бодисууд ялгарахгүй. Хагас кокс түлш нь хатуу түлш дотроо хамгийн цэвэр түлшинд тооцогддог.
2025-2026 оны галлагааны улиралд Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрэсэн 40 мянган тонн мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлш болон импортоор 306 мянган тонн хагас кокс шахмал түлш авч, нийт 340 мянган орчим тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаалахаар болсон. Харин нийслэлд түүхий нүүрс огт хэрэглэхгүй.
Эхний ээлжид БНХАУ-ын Шаньси нүүрс, химийн группийн “Вужоу салбар” компанийн Шэньмү хотын үйлдвэрээс 40 мянган тонн хагас кокс түлшийг Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Шэньмү хотын намын дэд нарийн бичгийн дарга, хотын дарга Дуан Жибо:
- Шэньмү хотын кокс нүүрсний хөгжил 40 жилийн нүүрийг үзэж байна. Бид жилдээ 40 сая тонн хагас коксон түлш үйлдвэрлэдэг. Шэньмү хотоос Улаанбаатар хотод хагас коксон түлш нийлүүлэх хамтын ажиллагааг чухалчилж, бүтээгдэхүүний нийлүүлэлт, чанарт онцгойлон анхаарч байна.
Шаньси нүүрс, химийн группийн Гадаад зах зээл, борлуулалт хариуцсан захирал Жөү Пэй Юань:
- Улаанбаатар хотод хагас кокс түлш нийлүүлэх Шаньси нүүрс, химийн групп нь төрийн өмчит компани бөгөөд Шаньси мужийн хамгийн том нүүрс, химийн үйлдвэртэй. Манай үйлдвэр 2024 онд 750 мянган тонн хагас кокс боловсруулсан. Хагас коксыг ган хайлуулах, цахилгаан эрчим хүч гарган авахаар түлхүү ашигладаг. Бүтээгдэхүүний 25-30 хувийг гадагшаа экспортолдог бөгөөд Япон, БНСУ, Малайз, Индонез зэрэг улсуудад нийлүүлж байна. Манайд үйлдвэрлэдэг хагас кокс бол үнслэг багатай, хүхэр, фосфорын агууламж багатай, өндөр илчлэгтэй утаагүй, байгальд ээлтэй цэвэр түлш. Хятад улсын хувьд хагас кокс түлшээр айл өрхийн дулааны асуудлыг шийдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулсан туршлагатай.
Тавантолгой түлш ХХК инженерүүд тус үйлдвэрт очиж, Улаанбаатарчуудын нийтлэг хэрэглэдэг зуух болон хятад айлуудын хэрэглэдэг зууханд хагас кокс түлш түлж, туршилт хийж үзжээ. Галлагаа эхэлснээс 10 минутын дараа гэхэд мод шатаж дуусаж, ямар нэг утааны ялгарал гарахаа больсон бөгөөд үнс гаргаагүй байна.
Шаньси нүүрс, химийн группийн Шахмал түлшний үйлдвэрлэл хариуцсан захирал Мэнг Липинг:
- Манай үйлдвэр шахмал түлшний 4-5 удаагийн дамжлага бүртээ чанарын хяналт хийдэг. Эцсийн бүтээгдэхүүнээс хоёр цаг тутам дээж авч, шинжлээд шаардлага хангасан бүтээгдэхүүнээ савалдаг. Шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагч бодисын тухайд байгалийн гаралтай түүхий эд ашигладаг. Чанарын стандартыг хэмждэг багажууд нь хүний оролцоогүй, бүгд автомат учраас ямар ч санаа зовох зүйл байхгүй. Хагас кокс түлшийг Хятад улс өөрсдөө хэрэглэж үзээд, чанарын стандартыг нь баталсан. Мөн үйлдвэрийнхээ шахмал түлшийг БНХАУ-ын Үндэсний лабораторид давхар шинжилгээнд оруулдаг. Тиймээс чанарын хувьд эргэлзэх зүйл байхгүй.
Манай улсын тухайд ч Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн олон жил судалгаа явуулснаас гадна 2023 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, ЭХЯ, Тавантолгой Түлш ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг хагас кокс шахмал түлшинд бүрэн судалгаа хийжээ. Энэ үеэр Монгол Улсын болон гадаадын итгэмжлэгдсэн 7 лабораторид хагас коксон шахмал түлшний шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний дүнгээр хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой түлш гэж гарчээ. Мөн 2025 оны гуравдугаар сард ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг сайжруулах судалгаа хийсэн байдаг. Эдгээр бүх судалгаа, дүгнэлт, зөвлөмжийн үр дүнд хагас кокс шахмал түлшийг хэрэглэх шийдэлд нийтээрээ хүрсэн нь энэ.
Монголчууд ийнхүү нүүрсний түвшний гурав дахь үе рүүгээ орж байна. Анх түүхий нүүрс хэрэглэж байсан бид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Ийнхүү энэ жилдээ хагас кокс түлшээ экспортоор авч байна. Гэхдээ ирэх жилүүдэд Монгол Улс хагас кокс шахмал түлшний үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй.
Сэтгэгдэл үлдээх