Олон жил хорих ял авах эрсдэлтэй Лил Нас Экс

.Graph
2025-09-18

Америкийн алдарт дуучин, реппер Лил Нас Экс(Lil Nas X) буюу Монтеро Ламар Хилл нь 1999 оны 4 сарын 19-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төрсөн. Өдгөө 26 настай. 2019 онд гаргасан “Old Town Road” дуугаараа дэлхий дахиныг шуугиулаад байсан ба одоо ч нэр хүнд, амжилт нь өссөөр байгаа залуу од билээ.

Грэммигийн шагналт алдарт дуучин Lil Nas X өнгөрсөн наймдугаар сарын 21-ий өглөөний 6 цагийн орчимд Лос Анжелес хотод нүцгэн явж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нарт баривчлагджээ.

  

Тэрээр бичлэгт Лос Анжелесийн Studio City дүүргийн гудамжинд зөвхөн цагаан дотуур өмд, цагаан ковбой гуталтай бүжиглэж яваа нь дүрслэгдсэн байна. Түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн учраас эмнэлэгт хүргэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд 8 сарын 21-ний өглөө 11.22 цагийн үед зөрчлийн хэрэгт бүртгэгдэн албан ёсоор хоригджээ.

8 сарын 25-нд хэргийн талаарх урьдчилсан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, цагдаагийн гурван албан хаагчид бие махбодын гэмтэл учруулсан, төрийн албан хаагчийг үл харгалзан эсэргүүцэл үзүүлсэн зэрэг нийт 4 зүйл ангиар буруутгагдаад байна.

Баривчлагдахаасаа хэдэн сарын өмнө Lil Nas X сэтгэл санааны байдалдаа хэрхэн тэмцэж явснаа өөрийн X хаягтаа хуваалцаж байсан. Түүний өмгөөлөгч 9 сарын 15-нд болох шүүх хурал хүртэл 75,000$(270,000,000₮ )-ын барьцаа төлж сулласан.

Гэвч дуучин хэргийн шүүх хуралд оролцоогүй ба өмгөөлөгчид нь түүнийг өөр мужид байрлах нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж тайлбарлав. Лос Анжелесийн Дээд шүүхийн шүүгч Шелли Самуэлс “Шүүгдэгч эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа нөхцөлд мужийн гадна байхыг зөвшөөрнө” хэмээн мэдэгдсэн.

Шүүх хуралдааны дараа дуучны өмгөөлөгч Дрю Финдлянг “Бид Lil Nas X-ийн хувийн болон мэргэжлийн хувьд хамгийн зөв зүйлийг хийж байгаа, гэхдээ хамгийн чухал нь түүний сайн сайхан байдлын төлөө юм. Түүнийг хайрлаж, дэмждэг гайхалтай гэр бүл, гайхалтай багийн хүмүүсийн хүрээлэл бий. Бид зүгээр л эдгээр асуудлыг шийдвэрлэж байна. Үнэндээ энэ тийм ч ноцтой асуудал биш. Тэр гайхалтай амьдралтай байсан, цаашид ч гайхалтай амьдралаар амьдарна. Энэ бол тэр даван гарах л нэг саад” хэмээн тайлбар өгөв.

Иймээс шүүх хүрэл хойшлогдож 11 сарын 18-нд товлогдсон ба хэрэв буруутайд тооцогдвол Лос Анжелесийн Прокурорын газрын хэлснээр дуучин 5 хүртэлх жил хорих ял авч болзошгүй аж. Түүний фенүүдийнх нь хувьд энэ нь тун харамсалтай мэдээ болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe