Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа матчаны соёл түгэн дэлгэрээд байгаа билээ. Харин 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл тус бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ илүү өргөсөж, орон орны инфлюенсэрүүдийн нөлөөгөөр “моод” болон дэлгэрч байна.
Түүхийн эхлэлээс харвал матчаг анх мянга гаруй жилийн өмнө эртний гүрнүүд болон зенгийн хийдүүдэд ногоон цайны хэлбэрээр хэрэглэдэг байжээ. Матча нь Эртний Хятадын Алтан үе болох Тан гүрний үеээс (VII-X зуун) эхлэлтэй. Энэ үед цайны навчийг ихэвчлэн уураар жигнэж, заримдаа давсалж болгодог байжээ. Энэхүү цайны бэлдмэл Хятад дахь Сүн гүрний үед (960-1279) улам боловсронгуй болсон. Цайны навчийг чулуугаар нунтаглаж, илүү нарийн нунтаг болгож, халуун устай холин хэрэглэдэг болсон нь орчин үеийн матчатай төстэй хөөстэй ундаа бий болжээ.
Харин матчаг Японд 12-р зуунд Хятадаас мөргөл хийхээр иргэн ирсэн Эйсай хэмээх зенгийн буддист лам авчирчээ. Тэрээр матча цайны үрийг Сэфури нэртэй ууланд тарьснаас гадна өөр нэг буддист болох Миоуэ Шоунинд бэлэглэж тэрээр өөрт хамгийн ойр сүмийн ойролцоо Үжи бүсэд тариалжээ. Тэгэхээр уг цайны үүсэл нь Япон бус Хятадаас үүдэлтэй гэх нь илүү зөв.
Матчаны өсөлт хөгжил
2000-аад оны эхээр зөвхөн Япон улсаас гадна бусад улс орнууд, ялангуяа АНУ, Европын орнууд матчаг сонирхох болсноор ихээхэн өсөлт явагдсан. Харин 2010 оноос эхлэн дэлхийн томоохон Starbucks зэрэг брэндүүд матча латте, смүүти зэргийг нэвтрүүлсэн. Энэ нь хамгийн том нөлөөг үзүүлсэн. Харин орчин үед сошиал медиа платформын хурдацтай өргөжин тэлж, тик ток, инстаграмм зэрэг платформуудаар инфлюенсэрүүдийн контентын нөлөөгөөр матчаг уух нь элбэг болсон. Энэ зун гэхэд л матчаны тренд нэлээн газар авсан.
Матчаг тойрсон зах зээл
Антиоксидантаар баялаг, матча нь дэлхий даяар эрэлт хэрэгцээгээ огцом өсгөж байна. Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны мэдээлснээр 2023 онд 4176 тонн матча үйлдвэрлэсэн нь 2010 оноос хойш гурав дахин өссөн үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн Японы аялал жуулчлалын салбар 2024 онд бараг 37 сая жуулчин хүлээн авч дээд амжилтыг тогтоосон байна. Матчаны үнэ цэн сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна.
“Matcha Global Market Report 2025” судалгаагаар матчаны зах зээлийн хэмжээ 2024 онд 3.84 тэрбум доллар байсан бол 2025 онд 4.17 тэрбум болсон. Харин жилийн нийлмэл өсөлтийн хурд 11.1 хувь байвал 2029 он гэхэд 6.35 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байгааг тогтоожээ. Үүний зэрэгцээ дэлхий дахинаа сайн чанарын матчаны хомсдолд ороод байна.
Сэтгэгдэл үлдээх