Эрх баригч намын асуудлын хажуугаар Монгол Улсын төсөв гэж айхтар том асуудал чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа. Гэвч чуулганы индэр улсын биш улс төрийн асуудлыг шийддэг талбар болж байгааг бид харж байна. Чуулган дээр гишүүд ч гэсэн мэр сэр эхлээд улсынхаа асуудлыг шийдье. Намын асуудлаа намынхаа байранд шийдэж болохгүй юу гэсэн хүсэлтийг тавьж эхэлсэн. Ортой л санал. Ийм байдалд хүргэж байгаа хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Намын даргад нэр дэвших мэдэгдлээ хэдхэн хэвлэл цуглуулж байгаад сүржин хийсэн. Ингэхдээ Засгийн газраас орж ирж байгаа улсын төсөв дагалдах хэдэн хуулийн багцыг барьцаалж буй мэт алдагдалтай төсөв дээр нягт ажиллана, татварын реформ хангалтгүй байгааг тодорхойлж байлаа. Мэдэгдлийн дагуу өөрийн давуу байдлаа ашиглан улс төр хийн улсын төсвийг гацаах гэж байгаа дүр зургийг бүгд л харж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар ч гэсэн тэвчээр алдсан бололтой өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Төрийн индэр бол намын индэр биш” хэмээн нийтэлжээ.
Улсын зовлонг “Пи ар” болгож буй Д.Амарбаясгалан
Улсын төсөв монголын зовлон болоод удаж байна. Л.Оюун-Эрдэнийг засаг толгойлж байх хугацаанд жил бүр л орлогоосоо давсан зарлагатай, тодорхойгүй баахан төсөлд хөрөнгө оруулалт чиглэдэг, яг боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил гэсэн салбарууд тойргийн гадна үлддэг байсан. Тийм ч учраас эцэс сүүлдээ өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар анх удаа Монгол Улсын Парламент баталсан төсвөө хүчингүй болж байлаа. Ингээд 2.3 их наядаар төсөв танагдаж байв.
2025 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар орлогыг 33.8 их наяд, зарлагыг 35.7 их наяд байхаар төсөөлж байв. Алдагдал 1.9 их наяд төгрөг.
2026 оны Г.Занданшатарын Засгийн газар орлогыг 31.6 их наяд, зарлагыг 33 их наяд гэж төсөөлөн барив. Алдагдал 1.3 их наяд төгрөг
Энэ жилийн төсвийг бодит байдалтай илүү нийцсэн гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үзсэн. Засгийн газраас ч гэсэн алдагдалгүй төсөв өргөн барьж байгаа. Алдагдал гэж үзэж байгаа 1.3 их наяд төгрөг бол гадаад зээл, тусламжаар хийгдэх газрын тосны үйлдвэр, цахилгаан станц зэрэг мега төслүүдийн өртөг байхаар тооцсон хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч Д.Амарбаясгалан энэ алдагдал дээр дөрөөлөн улс төрийн тоглолт хийж эхлэв. Хэрвээ 1.3 их наядын алдагдлыг арилгах дээрээ тулах юм бол газрын тосны үйлдвэр, эрдэнбүрэнгийн цахилгаан станц, 10 аймгийн цахилгаан станц гээд олон ажлууд царцаж бид цахилгаан, бензинээ айлаас гуйдаг байдлаас дараагийн 10 жил салж чадахгүй. Аливаа зүйлийг хийх хамгийн хэцүү үе шат нь эхлүүлэх л байдаг. Эхлүүлж чадалгүй улс төржиж ахиад 10 жил хямрах уу, эхлүүлчхээд үр шимийг нь хүртэх үү гэдэг л зааг дээр монголын парламент зогсож байна. Улс оронд хэрэгтэй төслүүд явуулах ийм чухал үед намын даргын төлөөх “Пи ар”-аа улсын төсөв рүү дүрж өөрт хэрэгтэй л байвал улсын эрх ашиг дараа нь гэсэн байр сууриар хандаж байгаа нь Д.Амарбаясгалан олны шүүмжлэлд живэх байдал руу өөрийгөө түлхэж байна.
Д.Амарбаясгаланг “Hero” болгох ажиллагаа...
Д.Амарбаясгаланг өрсөлдөгчгүй намын дарга болох нь гэсэн ойлголтын суурийг 15 давхраас түгээж эхэлжээ. Тухайлбал “Мандат тоолоход Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд ялах магадлал өндөр байна” гэх гарчигтай мэдээг зарим нэг хэвлэлүүдээр тарааж байгаа нь нэг жишээ. Намын дарга хэн болохыг намын их хурлаар шийднэ. Гэвч одоогоор Удирдах зөвлөл ч хуралдаагүй, бага хурлын тов ч гараагүй байгаа. Эргээд нэг санахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах намын бага хурлын санал хураалт өнгөрсөн таван сард явагдсан. Энэ санал хураалтаар бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжиж санал өгсөн гэдгийг мартаж болохгүй. Бүх зүйл намын хурал дээр л шийдэгдэнэ. Энэ бол түүний найз Л.Оюун-Эрдэнийн ахын хэвлэл ашиглаж үзэгчээ бэлддэг, бодолд нөлөөлдөг “тактик” юм. Хэрвээ уначихвал араас нь тодорхой байсан зүйлийг нөгөө тал луйвардлаа гэж сөрөг ажиллагаа хийх алсын нүүдэл. Тэр үед дэмжих үзэгчид бэлэн. Уналт босолтын зааг дээр байгаа Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн ард байгаа гэдэг яриа нэгэнтээ ил болсон. Уг нь Д.Амарбаясгалан энэ цаг үед намдаа нөлөөтэй, нэр хүндтэй улс төрч мөн гэвэл мөн. Гэхдээ бохир тоглоом том эрсдэлтэй. Нэг бол маш ихийг олдог, нэг бол юу ч үгүй хоцордог. Яг л мөрий шиг. “Hero” болох гэж байгаад “Zero” заавал хайран л улс төрч дөө. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий нь хатуудах вий.
Г.Занданшатарын мэдэгдэл...
Засгийн газар толгойлсноос хойш өнөөдрийг болтол намын даргын тухай ганц үг гаргаагүй Г.Занданшатар өнөө өглөө сошиалд ширүүхэн орж ирэв. Засгийн тэргүүний хувьд намын даргаас илүүтэй улсын төсвөө батлуулах нь ойрын зорилго болчхоод байгаа. Тэгж байж ирэх жил хийгдэх томоохон ажлууд, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тасалдалгүй явна. Тэр ч утгаараа намын даргын асуудал яригдаж эхэлсэн цагаас л тэнцвэрийг барих бодолтой явсаар ирсэн байх. Гэхдээ тэвчээр нь алдарсан бололтой улсынхаа асуудлыг эхлээд шийдье дараа нь намын даргын асуудалдаа оръё хэмээн Д.Амарбаясгаланд хандан үгэнд үг хавчуулжээ. Шатар тоглодог хүн нүүдэл хоосонгүй л байлгүй. Түүнд бодсон юм бий л байх. Гэхдээ яг улс төржих цаг нь одоо юу гэдэг нь л асуудал.
Сэтгэгдэл үлдээх