"Херо" пракцад барьсан Г.Занданшатарын хариу: Улсын төсвийг барьцаалж, улс төр хийхгүй шүү

Ц.Чимэдцэеэ
2025-09-19

УИХ-ын намрын чуулган үргэлжилж байна. Тов ёсоор Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж буй. 

Бүрэн эрхээ энэ оны зургаадугаар сарын 18-ний өдөр УИХ-д тангараг өргөснөөр эхлүүлсэн Засгийн газрын хувьд ирэх оны төсвийн төслийг боловсруулж, өргөн бариад, хэлэлцүүлж буй нь иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй гол ажил билээ.

Төрийн ордонд, чуулганы танхимд хуулийн дагуу 11 дүгээр сарын 15 хүртэл таван үе шаттай хэлэлцэн батлах чухал асуудлын хажуугаар МАН-ын дарга буюу Ерөнхий сайдын халаа сэлгээний асуудал яригдаж эхэлснээр нь улс төрчдийн хувьд төсөв бус эрх мэдлийн төлөөх элдэв акц, төлөвлөгөөний талаар таамаг дэвшүүлж, санаа уралдуулах болжээ.

Уг асуудал нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн нам, эвслүүд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх шаардлагатай тулгарсантай холбоотой. МАН-ын дүрэмд УИХ-ын сонгуулиар олонх болсон тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан байдаг. 

Тэгвэл хуульд нийцүүлэх гэх тодотголтой уг ажиллагааг 2024 онд багтаан хэрэгжүүлэх шаардлагатай байсан ч МАН, АН, ХҮН намын даргын асуудал тухайн үеийн Хамтарсан ЗГ-ын тогтвортой байдал харшаар нөлөөлөх байсан тул ийнхүү 2025 онд багтаан хэмээн хойшлуулсан түүхтэй.

Ийнхүү залуусын жагсаалаар огцорсон Засгийн газрын балагтай санал, УИХ-ын улаатай шийдвэрийн үр дүнд ийнхүүү төсөвтэй зэрэгцэн төрийн ордон сандал, суудлын хэрүүлтэй бужигнах болов.

Тухайлбал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр бүхий цөөн хэвлэлийн өмнө МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаж, цахим хуудсаараа бататгасан бичвэр, тайлбарыг тасралтгүй түгээсээр байгаа юм.

Түүний цаана наймдугаар сарын 28-нд "Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг" хэмээн өнгөрсөн хаврын чуулганаар гүйцэтгэх засаглалыг удирдах эрхээ алдаж, ард түмнийг төлөөлөх эрхээ хэрэгжүүлээгүй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн улс төрийн эргэн ирэлт буй хэмээн учир мэдэх хүмүүс жиг жуг хийсээр одоо бүр тас няс хийн ил дайсагналцах болсыг "Херо ажиллагаа"-ны төлөвлөгөө задарснаар баталсан.

Энэ бүхий хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар "Улсын төсвийг барьцаалж улс төр хийхгүй шүү" хэмээн дараах нийтлэлийг цахим хуудсаараа байршуулжээ. Үүнд,

"Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна.   Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина. Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ. Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая" хэмээн тодорхой улс төрчид хандан үгээ хэлсэн байна.

Улс төрийн зодоон хэзээнээс олон нийтийн анхаарлыг татсан, нэгнийхээ урд, хойдхыг ухсан, хийж буй төрийн үйл ажиллагааг нь баалж, гутааж, харлуулах гэсэн оролдлгоор илэрдэг нь нууц биш. Гэхдээ энэ удаагийнх "улсын төсөв" хэмээх учиртай сэдэвтэй харшилдаж, хажигнуулж, хагалах гэж оролдож буй нь харамсмаар.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe