Оройдоо залж, олноо өргөмжилсөн X богдын угсаа гарал

Ц.Чимэдцэеэ
2025-08-08

Үндэсний их баяр наадам тохиож буйтай зэрэгцэн Монголчууд бидний оюун санааны нэгдлийн бэлгэдэл Аравдугаарбогд Данзанжамбалчойживанчүгийн талаар олон улсын томоохон хэвлэлийн төлөөлөл “BBC news”-ийн “Heart and Soul” нэвтрүүлэг онцолж, дэлхийн буддистуудын анхаарлыг дахин Монгол руу хандууллаа.

Ингэхдээ Монголчууд болон дэлхийн Буддистууд Аравдугаар Богдоо хэрхэн бэлгэшээж хүлээн авсан талаар болон Монголын бурхан шашны сэргэн мандалтыг цохон тэмдэглэсэн байна.

Нэвтрүүлэгт Богдын гэр бүл хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс олон нийтэд мэдээлэхгүй, болгоомжтой хандсаар ирснийг дурьджээ.

Монголын бурхан шашны тэргүүн хэмээн олны хайр хүндэтгэлийг хүлээж буй бяцхан хүүг анх хэрхэн яаж тодорсон талаар олон арван түүхэн гайхалтай баримт  бичлэгүүд, нотолгоог гадаад дотоодын олон судалгааны байгууллага онцолсон байдаг. 

Харин түүний угсаа гарал аав ээжийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй тул энэ удаагийн Biograph буландаа Аравдугаар богдын аав, ээжийн талаар онцоллоо.

Аав Ч.Алтаннар нь Булган аймгаас гаралтай, удам дамжсан математикч. 1998 онд Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуулийг төгсөж, Стэнфорд, Флоридагийн их сургууль, Лондоны Империал коллеж зэрэг нэр хүндтэй сургуулиудад багшилж судалгааны ажил хийж байсан. Одоо МУИС-д дэд профессороор ажилладаг. 2012 онд өөрийн бүтээлүүдээрээ төрийн дээд шагнал “Төрийн соёрхолт математикч” болж боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, манай улсын урдаа барьдаг цөөн эрдэмтдийн нэг юм.  

Харин түүний аав Чинчулуун нь жолооч, ээж Нямсүрэн нь математикийн шинжлэх ухааны доктор, профессор, багш хүн байсан ба хоёулаа хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Бугат сумын уугуул хүмүүс ажээ.

Ээж Н.Мөнхнасан нь мөн л 11 дүгээр сургуульд сурч байгаад 15 настайдаа АНУ-г зорьж Сан Францискогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр cum laude цолтой төгсөж, дараа нь George Washington Их сургуульд Санхүүгийн инженерчлэл чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан. Мөн саяхан Харвардыг төгсжээ. Тэрээр  Дэлхийн банканд ажиллаж байсан туршлагатай эдийн засагч, санхүүгийн инженер, 1000 гаруй ажилтантай Монполимет группийн ТУЗ-ийн дарга, НҮБ-ын хүүхдийн сангийн үндэсний элч, Математикийн олимпиадын хорооны тэргүүнээр ажилладаг залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл билээ. 

Эмээ Ц.Гарамжав нь Монгол улсдаа 5 үйлдвэр байгуулж, Forbes Asia сэтгүүлээс нэрлэгдсэн Азийн шилдэг 50 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг бөгөөд бизнес, нийгмийн салбарт тэргүүлэгч байсаар ирсэн.

Түүний аав Цэдэн, ээж Дэмбэрэл нар нь Түшээт хан аймгийн Чин Ван Ханддоржийн хошууны Халиун багийн нутагт төрж өссөн.  Аав Цэдэн нь 17 насандаа сумын даргаар томилогдож байжээ. Дараа нь Батлан хамгаалах яамны анги нэгтгэлүүдэд алба хашсан цэргийн хүн байсан аж.

Түүний өвөө аав Харцага Дамдин, эмээ ижий Норжмаа нар нь Түшээт хан аймгийн Эрдэнэдайчин хошой Чин Ван Ханддоржийн хошууны уугуул хүмүүс байсан ба Цогт тайж киног бүтээхэд морь мал, унаа хөсөг зэргийг хувиасаа гаргаж, биечлэн оролцож, тусалж байсан гэдэг.  Мөн дайны үед фронтод өөрийн адуун сүргээ эх орондоо тусламж болгон өгч байжээ. 

Ц.Гарамжавын гэр бүлийн хүн Аравдугаар богдын өвөө  Г.Нармандах нь Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, математик, физикийн багш байсан төдийгүй Нийслэлийн 30 дугаар сургуулийн захирал агсан юм.

Богд гэгээний эцэг, эх хоёул боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, олон улсын байгууллагын түвшинд өндөр амжилт гаргасан, Монголын шинэ үеийн залуусын  төлөөлөл. 

Шашин судлаачид түүнийг “гэгээрэл болон мэдлэгийн уулзварт төрсөн удирдагч” хэмээн онцолдог. Түүнийг 7 жил нууцалж явсны эцэст 2023 онд Дээрхийн Гэгээн XIV Далай лам албан ёсоор олон нийтэд зарласан билээ.

Харин гэр бүлийн зүгээс одоо болтол олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ба харин аюулгүй байдалдаа санаа зовниж буйгаа ээж нь BBC world-д өгсөн товч яриандаа дурджээ.

Сануулахад өнгөрсөн жил Аравдугаар Богдын гэр бүлийнхний бүх гишүүдийн хувийн данснуудыг хааж, эрхэлдэг Монполимет группийн үйл ажиллагааг царцааж, эмээг нь 48 цагаар цагдан хорьсон байдаг. Чухам яг ямар шалтгаанаар энэ гэр бүлийг сүрдүүлж нэгжлэг шалгалт өргөн фронттой хийсэн талаар төрийн болон хууль хүчний байгууллагаас одоо хүртэл тодорхой тайлбар хийгээгүй байгаа нь олон нийтийн дунд ойлгомжгүй учир битүүлэг хэвээр үлдсэн байдаг.  2024 онд болсон энэ явдал геополитикийн учир шалтгаантай байсан хэмээн олон хүмүүс таамагладаг бол гэр бүлийн зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Ийнхүү XXI зууны Монголын оюун санааны төрхийг шинэчлэн тодорхойлох өндөр хариуцлагатай замналд хөл тавьсан Аравдугаар Богд Данзанжамбалчойживанчүгийн аав ээж гэр бүлийг Graph.mn сайт #BioGraph буландаа онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe