Алдагдлаар тэргүүлэгч ТӨК-иуд уул уурхайн салбарыг мэрж эхэллээ

.Graph
2025-09-22

Алдагдлаа таван жилийн дотор 150 тэрбум төгрөгт хүргэж, хоёр дахин нэмэгдүүлсэн төрийн өмчит компаниудын балаг цааш ахиж, Монгол Улсын эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарыг мэрэх болсон нь түгшүүр зарлаж байна. Тэгвэл төрийн өмчид очсон уул уурхайн компаниуд үнэхээр ашигтай ажиллаж, монголчуудыг тэжээж, салбарын өсөлтийг хангаж чадаж байна уу? Харамсалтай нь үгүй.

Ганц жишээ болгож “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийг хар. Төрийн өмчид авахаас өмнө хувийн хэвшил уг үйлдвэрт 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байв. Энэ хүрээнд технологио шинэчилж, анх 200 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан хүчин чадлыг 1 сая тоннд хүргэсэн байлаа. Гэвч төр 2022 онд цэрэг цагдаа болж очоод мэдэлдээ авсан. Одоо энэ үйлдвэр дампуурсан. Мэргэжлийн бус удирдлага. Нэмээд зохисгүй тендер, худалдан авалтуудаас болж алдагдал нь хэдэн тэрбумаар хэмжигдэхэд хүрээд байна. Өдгөө тус үйлдвэр нэг төгрөг олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргаж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлсэн. Хамгийн хачирхалтай нь Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж, цементийн хэрэглээ жил ирэх бүр өсөж байхад нөгөө талд үйлдвэрлэгч төрийн өмчит компани нь дампуурлаа.

Төрийн өмчит ихэнх уул уурхайн компани алдагдал нэмнэ үү гэхээс ашиг авчрахгүй байна

Зах зээлийн байдал, технологи, санхүүгийн хувьд тооцоход бүрэн ашигтай ажиллах боломжтой үйлдвэрүүд нь төрд очоод эхнээсээ дампуураад байхад нэмээд ямар ч ашиггүй Салхит, Цайрт минерал тэргүүтнийг төрд авав. Энэ бол ердөө л ард түмнээс оноо авах гэсэн улс төрийн шоу юм. Эдийн засгийн тооцоо хийж үзэхэд өгөөжөө өгөхөөсөө аль эрт өнгөрсөн эдгээр ордод төрийн компани эзэн суугаад алдагдал нэмнэ үү гэхээс ашиг авчрахгүй нь тодорхой. 

Ерөөс Монголын хамгийн том завхрал, суурь асуудал бол төрийн өмчит компани болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Анар хэлсэн. Энэ бол зөвхөн түүний үг бус хувийн хэвшилд ажиллаж буй олон мянган аж ахуй нэгжийн байр суурь юм. Үе үеийн улстөрчдийн ашиг сонирхлоо шингээж, байр сууриа хадгалах улс төрийн үйл ажиллагааны том сүбект нь төрийн өмчит компаниуд болчихсон. Хэрэв бид энэ суурь асуудлаа хамгийн эхэнд шийдэхгүй бол мянган сайхан хууль батлаад ч эцсийн дүндээ төрийн өмчит хэмээх гүн намагт очиж шигдэхээр байна.

“Төрийн өмчит уул уурхайн компаниудын алдагдлаас болж Баялгийн сан хоосорч, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байна”

Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хэрэв төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэлтэйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулсан. Хөтөлийн үйлдвэр төрд очихоос өмнөх жил 30.9 тэрбум төгрөгийн татвар хураамж төсөвт төвлөрүүлж байв. Гэтэл төрд очоод гуравхан жил болоход энэ орлого замхарч байна.

Эцэст нь уул уурхайн бол эдийн засагт гүйцэтгэх үүргээр онцгой салбар. Хэрэв төрийн мэдэлд авсан компани энэ мэт дампуурсаар байвал алдагдал зөвхөн ганц компани бус салбар, цаашлаад улсыг доргиох эрсдэлтэйг анхаарна уу. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe