Record.mn, Newsroom.mn сайтын сурвалжлагч нар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас 16 жилийн турш 247 сая тонн нүүрсийг зах зээлийн үнээс хямд борлуулах боломж олгосон гэх асуудлаар тайлбар авах гэхэд “Битгий олон юм хуцаад бай…Юу гээд хуцаад байгаа юм бэ” хэмээн дайрч, ёс бус аашилсан.
Тэгвэл Зам тээврийн сайдыг Record.mn сайтын редакцаас албан ёсоор уучлал гуйхыг шаардан, Глоб интернэшнл төвөөс мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “Монгол Улсын Үндсэн хуулиар “мэдээлэл хайх, хүлээн авах эрх” нь иргэний үндсэн эрх хэмээн тунхагласан бөгөөд үүнийг олон улсын гэрээ конвенц болон холбогдох хууль тогтоомжоор мөн адил баталгаажуулсан.
Гэвч 2025.09.10-ны өдөр Монгол Улсын Төрийн ордонд Засгийн газрын хуралдааны дараа Record.mn сайт нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас мэдээлэл авах явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийг үл хүндэтгэж, басамжлан харьцаж, хараалын үг хэрэглэсэнд явдалд харамсаж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ "… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн төрийн сүлдний өмнө тангарга өргөдөг. Хэрэв УИХ-ын гишүүн нь энэхүү тангаргаа зөрчвөл түүнийг ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар баталсан УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө гэж заасан.
Иймд эрхэм УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Record.mn сайтын редакцаас албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна” хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх