Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар 2026 оны улсын төсвийн эхний хэлэлцүүлэг өрнөсөн билээ. Чуулганы төсгөлд Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалан намын гишүүнийх нь өрөөнд АТГ-аас ажиллагаа явуулсантай холбогдуулан Ардчилсан намаас аваад байсан завсарлагыг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хариуд нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дэгийн тухай хуулийн 12.2-ыг үндэслэн гурав хоногийн завсарлага өгөх шийдвэр гаргасан юм. Энэ нь өөрөө УИХ-ын тухай хуулиа зөрчсөн үйлдэл болсон байна. Тухайлбал дэгийн тухай хуулийн 12.1-т хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д заасны дагуу завсарлага авах эрхтэй гэжээ. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д нэгдсэн болон байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах гэж заасан байдаг. Тухайн үед төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байсан тийм учраас тухайн сэдэвтэй уяж л завсарлага авах ёстой юм. Гэвч Ардчилсан намын дэд дарга Б.Жаргалан намын гишүүний халдашгүй байдалд халдаж ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр завсарлага авахыг хүссэнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа шийдвэрлэсэн. Завсарлага хүсэж байгаа нь ч тэр завсарлага өгч байгаа нь ч тэр УИХ-ын тухай хуулиа зөрчсөн гэсэн үг.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон Ардчилсан намын дэд дарга Б.Жаргалан нарын завсарлага хүсэж, шийдвэрлэсэн хуулийн процесс...
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.5-д заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно.” гэж, мөн зүйлийн 12.2-т “Нам, эвслийн бүлгийн дарга, түүний эзгүйд дэд дарга энэ хуулийн 12.1-д заасны дагуу завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.”Тэд хаана алдаж ямар хуулийг зөрчив?
Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Бүлэг дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ гээд 30.1.5 дахь заалтад “нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;” гэж хуульчилсан.
Гэтэл 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Дэгийн тухай хуулийн 69.1.1-д заасны дагуу “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлтэй танилцах” үе шатны хэлэлцүүлэг явж байтал:
АТГ-ын н.Балдандорж, н.Батмөнх нарын хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаагийн нэвтрэх зөвшөөрөл авч, орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж орж ирээд, гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа.Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж, цаашид Үндсэн хуулиар баталгаажсан засаглал хооронд хяналт тэнцлийг хангах, парламентын дархлаагаа бэхжүүлэх асуудал энэ УИХ-ын бүрэлдэхүүний хувьд нэн чухал гэж үзэж байгаа учраас 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна” гэжээ.
Ингээд УИХ-ын чуулганы хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу гурваас илүүгүй өдрөөр сунгаж, тав хоногийн хугацаатайгаар завсарлага өглөө” гэж шийдвэрлэжээ.
Ийнхүү завсарлага өгсөн нь Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай, мөн Дэгийн тухай хуулиудыг зөрчиж байгаа юм.
Нэг. Улсын Их Хурлын болон Дэгийн тухай хуульд заасны дагуу завсарлага өгөх асуудал бол зөвхөн тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан өгдөг хууль ёсны зарчим юм. Тухайн өдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой ямар нэг асуудал хуралдаанаар огт хэлэлцээгүй байсан. Хэрэв С.Ганбаатартай холбоотой буюу түүний бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 45.1-д заасны дагуу түдгэлзүүлэх тухай асуудал нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан бол дээр дурдсан завсарлагыг авч болно.
Үндсэн хуульт ёс болон парламентат ёсны зарчмын дагуу аливаа нам, эвслийн бүлэгт завсарлага өгөх асуудал бол парламентын ардчилалтай зайлшгүй холбоотой боловч хуулиар хэд хэдэн хязгаарлалт тогтоож өгдгийн нэг нь энэхүү “тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан л завсарлага өгөх асуудал” юм. Энэ зарчим УИХ-ын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан дээр ч адил үйлчилдэг. Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 26.1.6 дахь заалтад “Байнгын хорооны дарга “Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага өгөх;” гэж хуульчилсан байна.
Хоёр. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслөөр 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах тухай хүссэнээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2 хоногийн завсарлага өгсөн. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дээр дурдсан завсарлагын хугацаа дууссан, нөгөө талаас хуралдаан эхлэхээс өмнө Ардчилсан намын бүлгээс Дэгийн тухай хуулийн 12.1-д заасан үндэслэлээр завсарлагын хугацааг нэг удаа дахин сунгах хүсэлт гаргаагүй тул УИХ-ын даргаас ийнхүү 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр алхыг тогшиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Ингэснээр тухайн асуудлаар дахин завсарлага авах эрхгүй болсон.
Хуралдаан даргалагч Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан Хуралдаан даргалагч “хуралдааныг ...дэгийн дагуу зохион байгуулах”, мөн зүйлийн 13.1.10-т заасан “хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг гишүүдээс шаардах” гэсэн заалтыг зөрчсөн байна.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Жаргалан 30.1.5 дахь заалтад “нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг зөрчсөн байна.
Ийнхүү хууль зөрчиж завсарлага өгсөн явдал нь Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Жаргалан нарын хэн нэгнийг Үндсэн хуулийн цэц дээр очиход хүргэж ч магадгүй байна.
Сэтгэгдэл үлдээх