Афганистан ба эмэгтэйчүүдийн эрх

Д.Халиунаа
2025-09-23

Афганистаны эрх баригчид болох Талибан бүлэг их сургуулиудад хэрэглэгдэж буй сургалтын хөтөлбөрөөс эмэгтэй зохиолчдын бүтээлүүдийг албан ёсоор хориглолоо. Одоогоор 140 ном хориглосон бөгөөд хар жагсаалтад дор хаяж нийт 680 бүтээл байгаа аж. Эдгээр номуудад хүний эрх, бэлгийн хүчирхийлэл болон жендерийн эрх тэгш байдал, барууны үзэл суртлын талаарх номууд багтжээ. 

Албан мэдэгдэлд дурдсанаар энэ төрлийн зохиол, бүтээлүүд нь “Ширатын зарчим” буюу Исламын эрх зүйн зарчмуудтай зөрчилдөж байгаа хэмээн үзжээ. Талибанууд 2021 онд засгийн эрх мэдлийг авснаасаа хойш боловсролын салбарт олон хязгаарлалт хийж байгаа. Мөн эмэгтэйчүүдийн дээд боловсрол эзэмших, ажил эрхлэлт, нийгмийн оролцоог шат дараатайгаар хязгаарласаар байна. Энэхүү шийдвэрийн цаана юу нуугдаж байна вэ? 

Олон улсын судлаачид Талибанчууд бие даасан, боловсролтой эмэгтэйчүүд бий болохоос эмээж тус шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Мөн тэд эрэгтэйчүүд давамгайлсан төрийн эрх мэдлийг хадгалж, шашны нэрийн дор нийгмийн хяналт тогтоож буй нэгэн хэлбэр юм. Афганистан шиг эмэгтэй зохиолчдын бүтээлийг бүхэлд нь хориглосон улс одоогоор байхгүй билээ. Тиймээс Афганистан бол өнөөдөр дэлхий дээр  эмэгтэйчүүдийн боловсролыг хамгийн өргөн хүрээнд хатуугаар хориглосон цорын ганц улс болж байна. 

Эмэгтэйчүүдийн эрх өөр хаана зөрчигдөж байна вэ?

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг дарж, жендерийн эрх тэгш байдлыг зөрчдөг улсуудад Иран, Саудын Араб, Катар, Нигер, Пакистан, Өмнөд Судан зэрэг улсууд ордог. Эдгээр улсууд шашин соёлын уламжлалыг сахиулагч нэрийдлээр эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг ноцтой зөрчдөг. Мөн эмэгтэйчүүдийг нийгмийн идэвхтэй оролцогч бус, харин гэр бүлийн хүрээнд хязгаарлаж зөвхөн нөхөртөө захирагдах ёстой хэмээн үздэг. 

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дэлхий дахинаа эрчимтэйгээр яригдах болсон. Боловсролын хүртээмж, ажил эрхлэлтийн оролцоо, улс төрийн хэмжээнд шийдвэр гаргах зэрэгт эмэгтэйчүүдийн дуу хоолой нэмэгдэж байгаа хэдий ч дээр дурдсан улс орнуудад энэхүү асуудал эрс уруудан доройтсоор байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe