Монголчуудад “Цэнхэр тэнгисийн домог”, “Одноос ирсэн миний хайр”, “Миний дүрсгүй найз охин” зэрэг киногоороо алдартай болсон жүжигчин Жон Жи Хён дөрвөн жилийн дараа эргэн ирэлт хийсэн ч түүний хүссэнээр болж чадсангүй бололтой.
Disney+ сувгаар цацагдаж буй “Tempest” цуврал нь олны анхаарлыг татаж байгаа ч сайн талаараа биш. Хятадын үзэгчид Жон Жи Хёнийг Хятадын эсрэг үзэлтэй гэж буруутгаад байгаа юм.
Учир нь цувралын дөрөвдүгээр ангид “Хятад яагаад дайныг илүүд үздэг юм бол? Хил орчмын бүс нутагт цөмийн бөмбөг унаж мэднэ шүү дээ” хэмээн хэлдэг. Тэрхүү ганц өгүүлбэр нь Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд томоохон маргаан дэгдээж, үүнийг “худал хуурмаг”, “улс төрийн доромжлол” гэжээ.
“Хэрэв Хятад дайн хийхийг илүүд үзвэл Өмнөд Солонгос улс арчигдана” хэмээн нэгэн хэрэглэгч өөрийн хуудсаараа дамжуулж бухимдан бичсэн. Зарим нь шууд Жон Жи Хён жүжигчин рүү дайрч, эргэн ирэх бүтээлээ сонгохдоо илүү ухаалаг байх ёстой байсан гэж шүүмжилж, олонх нь түүнийг бойкотлохыг уриалжээ. Мөн өөр нэгэн хэрэглэгч “Тэр Хятадад өнгөрсөн 20 жилд бий болгосон сайн харилцаагаа бүгдийг нь алдчихлаа” хэмээн бичжээ.
Мөн Америкийн арьс арчилгааны брэнд La Mer, Францын тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton, Швейцарын цаг үйлдвэрлэгч Piaget бүгд Жон Жи Хёний зургийг өөрсдийн сошиал хуудаснаасаа устгажээ.
“Жон Жи Хёний сурталчилгааг устгахаас гадна гэрээг нь дэлхий даяар яаралтай цуцал. Үгүй бол бид LV-г үүрд бойкотолно” хэмээн Louis Vuitton-ы Weibo хуудсан дээр нэгэн хэрэглэгч сэтгэгдэл бичиж үлдээжээ Гэвч маргаан зөвхөн түүний хэлсэн үгээр хязгаарлагдсангүй.
Цувралд Хятадын Далянь хотыг ядуу буурай, хуучирсан мэт дүрсэлснээс гадна Далянь хот нь үнэндээ Далянь биш, харин Хонконгийн "Cheung Hing" шувууны үүрний үйлдвэр байжээ. Тиймээс шүүмжлэгчид Америкийг сайхан амьдралтай, орчин үеийн мэт дүрсэлсэн боловч Хятадын хотуудыг ядуу буурай, хуучирсан мэтээр харуулсанд нь илүү бухимдаж байна.
Харин Жон Жи Хёний шүтэн бишрэгчид тэр даруй түүнийг хамгаалж, Хятадын үзэгчдийг ухаалаг байж, жүжигчин болон бүтээлийн багийнхан руу дайрахгүй байхыг уриалжээ. Мөн Disney+-ийн мэдээлснээр “Tempest” цуврал нь тус платформ дээрх 2025 оны хамгийн их үзэгдсэн Солонгос цуврал болсныг мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх