Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улс анх удаа тодорхой бууралтын тоон зорилт дэвшүүллээ. Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулганд хийсэн мэдэгдэлдээ Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2035 он гэхэд улсынхаа нийт хүлэмжийн хийн ялгарлыг 7-10 хувиар бууруулна хэмээн зорьж буйгаа мэдэгдэв.
Энэхүү шинэ зорилт нь зөвхөн нүүрстөрөгчийн давхар исэл бус бүх төрлийн хүлэмжийн хийг хамрах бөгөөд салхи, нарны эрчим хүчний хүчин чадлыг зургаа дахин нэмэгдүүлэх, ойн нөөцийг өсгөх, шинэ эрчим хүчний автомашиныг зах зээлийн голлох хэсэг болгох зэрэг алхмыг агуулж байна.
Хятад улс 2023 онд дэлхийн нийт хийн ялгарлын дөрөвний нэг буюу 14 тэрбум тонн хийг ялгаруулсан. Харин шинжээчид 10 хувийн бууралт нь их хэмжээний өөрчлөлт авчрах хэдий ч Парисын хэлэлцээрийн 1.5°C-ын зорилтод хүрэхэд хангалтгүй гэж үзэж байна. Тус зорилтод хүрэхийн тулд дор хаяж 30-50 хувийн бууралт шаардагдана гэж тооцоолжээ.
Мөн БНХАУ сэргээгдэх эрчим хүчний(салхи нарны) ашиглалтаар дэлхийд тэргүүлж байна. Тэд 2030 он гэхэд 1,200 гигаваттын хүчин чадалтай болно гэж амласан байсан ч энэ зорилгоо 2024 онд буюу зургаан жилийн өмнө биелүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх