Youtube контент бүтээгчид улс орны эдийн засагт эергээр нөлөөлж байна

Д.Халиунаа
2025-09-25

Сүүлийн жилүүдэд Youtube дэлхий даяар зөвхөн үзвэрийн талбар бус, эдийн засгийн нэгэн хөдлөгүүр болж байна. Youtube анх 2005 онд нэвтэрсэн цагаасаа хойш өнөөдөр нийт 2.7 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. Харин 2020 оноос хойш сая сая хүмүүс контент бүтээгчийн салбарт нэгдэн орсон нь youtube-ийн хувьд хамгийн том тэсрэлт болсон. Одоогоор дэлхий даяар 69 сая гаруй контент бүтээгч байна. Эдгээрээс миллениал (35-44 нас) үеийнхэн хамгийн их хувийг эзэлж байгаа бөгөөд тэдний араас “Z” үеийнхэн хүч төрөн орж ирж байна. 

2.7 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй энэ платформ дэлхийн томоохон улс орнуудын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд бодитой өндөр нөлөө үзүүлж байна. 

Oxford Economics-ийн судалгаагаар YouTube-ийн экосистем 2024 онд АНУ-ын ДНБ-д 55 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулж, нийт 490 мянган бүтэн цагийн ажлын байрыг бий болгожээ. Харин Энэтхэг улсын эдийн засагт Youtube-ийн нөлөө өсөж байна. 2023 онд тус улс зөвхөн Youtube-ээс ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар олж, бараг нэг сая шинэ ажлын байр бий  болжээ. Энэтхэг улс 500 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том Youtube контентын зах зээлүүдийн нэг юм. 

Youtube дээр контент бүтээгчдийн 45 хувь нь бүтэн цагаар ажилладаг бөгөөд тэдний 60 гаруй хувь нь контентоороо амьдарлаа залгуулдаг гэж мэдэгдсэн байна. Энэ мэтчилэн тус платформ томоохон улс орнуудын эдийн засаг, ажлын байр зэрэгт эергээр нөлөөлж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe