Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2025.09.25/ NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлгийн 62 дахь дугаарт оролцож, маш ноцтой мэдээллүүдийг ярьсан.
Тухайлбал, Гэрэгэ тауэрийн 15 давхрыг “Hero” энтертайнмент булааж авсан бөгөөд ингэхдээ өмчийн эзнийг шоронд хийж, дарамталж байгаад нэр дээрээ шилжүүлж авсан. Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын гэрээг хийхдээ нүүрсний үнийг даруй 50 хувиар хямдруулж, алдагдалтай гэрээ хийж, ээлжит “Нүүрсний хулгай-2” болох суурийг тавьсан. Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан холбоотой байж болзошгүй гэхчлэн дурдаад байвал дуусашгүй, ноцтой мэдээллүүдийг ярив.
Тэгвэл түүний энэ ярилцлагын дараа нэр нь дурдагдсан эрхмүүд гэнэт сандралдаж эхэллээ.
Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр 14:00 цагаас сэтгүүлч нартай нээлттэй уулзаж, асуултад нь хариулна гэдгээ мэдэгдээд байгаа бол Hero энтертайнментын захирал Б.Баатар “X” хаягтаа мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлагыг үзлээ. Хууль зүйн сайд байсан хүн би бодохдоо гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Б. Энхбаяр гишүүнтэй Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н. Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх