Шон Комбс буюу P Diddy Бруклины шоронд хоригдож байхдаа бусад хоригдлуудад "Free Game with Diddy" нэртэй зургаан долоо хоногийн бизнесийн хичээлийг эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн мэдлэгээ хоригдлууддаа түгээх зорилготой гэжээ. Түүний өмгөөлөгчид “Ноён Комбс уг хичээлийнхээ төлөвлөгөөг 15 нүүрэнд багтаан боловсруулсан ба энэ нь бусдад бизнесийн удирдлага, санаачилга, хувь хүний хөгжлийн чухал ур чадваруудыг суулгах зорилготой боловсролын хөтөлбөр юм” гэж ял оноохоос өмнөх өршөөл хүссэн материалдаа бичсэн байна.
55 настай бизнесмэн, рэппер P Diddy саяхны Манхэттэнд болсон холбооны шүүхэд оролцохоосоо өмнө уг хичээлийнхээ хөтөлбөрийг боловсруулсан гэж түүний өмгөөлөгчид даваа гарагийн орой шүүхэд гаргасан баримт бичигтээ дурджээ.
“Комбс хичээлээ "Metropolitan Detention Center" шоронгийн бүх хоригдлуудад санал болгосноос гадна хичээл Испани хэлний орчуулагчтай байсан. Ингэснээр оролцохыг хүссэн хүн бүрд боломж олгосон. "MDC-д өөр ямар ч боловсролын хичээл санал болгодоггүй тул ‘Free Game with Diddy’ олон хоригдолд ихээхэн нөлөө үзүүлсэн” гэж Комбсын өмгөөлөгчид шүүхийн баримт бичигт бичжээ.
Мөн Комбс “Free Game” хичээлээ амьдралынхаа хамгийн нөлөөтэй, чухал санаачилгуудын нэг гэж үзсэн. "Тэр цаашид энэхүү хөтөлбөрөө үргэлжлүүлэн өргөжүүлж, сайжруулахыг хүсч байна. Түүний зорилго нь суллагдсаны дараа уг хичээлийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, орон нутгийн залуучууд болон төрийн байгууллагуудад хүртээх явдал юм.” гэж нэмж тэмдэглэжээ.
P DIddy гэмт бүлгийн хуйвалдаан болон бэлгийн мөлжлөгийн хэргүүдээс цагаатгагдсан бөгөөд эдгээр нь түүнд бүх насаар хорих ял авчрах байв. Гэвч тэр улс хоорондын биеэ үнэлэгчдийг тээвэрлэсэн хэрэгт буруутай нь тогтоогдсон. Түүний өмгөөлөгчид энэ долоо хоногт шүүхэд гаргасан бичигтээ түүнийг 14 сараас илүү хугацаагаар хорих ёсгүй гэж маргажээ. Хэрэв сайн үйлийн оноог тооцвол тэр суллагдах боломжтой гэж тайлбарласан байна.
Түүний ял сонсох өдөр 10 сарын 3-нд болох бөгөөд прокурорууд энэ хэргийг хянаж буй шүүгч Арун Субраманианд Комбсыг хамгийн багадаа 4 жилээр хорих ёстой гэж санал болгож байжээ.
Сэтгэгдэл үлдээх