Жүжигчин Дэйв Франко, Алисон Бри нарын тоглосон “Together” аймшгийн кино өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн. Мөн энэ зуны долдугаар сард АНУ болон Австрали улсын кино театруудаар гарч эхэлсэн билээ. Тус кино нээлтээ хийснээс хойш кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч, нийт 32 сая ам.долларын ашиг олсон. Тус кино хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд БНХАУ-ын кино дэлгэцүүдээр албан ёсоор гарч эхэлсэн. Австралийн Майкл Шенкси найруулагчийн бичиж, найруулсан энэхүү аймшгийн кино шинэхэн хосууд хотын амьдралаас холдож, хөдөө нутаг рүү нүүж, амар тайван нам жим амьдралыг сонгож буйгаар эхэлдэг. Тус киног Хятадын кино театруудаар гаргахдаа хиймэл оюун ухаан ашиглан зарим хэсгийг өөрчилснийг үзэгчид анзаарчээ.
Кинонд шүршүүрт орж буй нүцгэн залуугийн хэсгийг гаргахдаа биеийг нь хааж, урдуур нь уур савсаж буйгаар өөрчилжээ. Мөн ижил хүйстэн хосуудын хэсгийг дижитал хэлбэрээр өөрчилж эрэгтэй хүний царайг эмэгтэй хүн болгон хувиргасан байна. Энэ үйл явдал Хятадын үзэгчдийн болон кино шүүмжлэгчдийн бухимдлыг төрүүлж байна. Кино шүүмжлэгчид хэлэхдээ “Тэд үйл явдлын өрнөлийг өөрчилсөн төдийгүй жүжигчний бэлгийн чиг баримжааг үл хүндэтгэсэн. Энэ бол жигшүүртэй явдал" хэмээн тайлбарлажээ.
Энэ үйл явдал нь Хятад улс хиймэл оюун ухааныг ашиглан кино, контентыг өөрчилсөн анхны тохиолдол биш юм. Үүнээс харахад Хятад улс ил задгай, ижил хүйстний контентыг таслан зогсоох арга хэмжээг эрчимтэй авч байгаа бололтой. Тэд энэ оны хоёрдугаар сараас хойш ижил хүйстнүүдийг харуулсан эротик киноны 30 эмэгтэй зохиолчийг баривчилсан байна.
Сэтгэгдэл үлдээх