Ерөнхий сайд Г.Занданшатар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаагаар зочлов

.Graph
2025-09-25

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаагаар зочилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа.  

Монгол Улсын Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал”, газар тариалангийн тогтвортой байдлын “Атрын IV аян”, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт”, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тэсвэртэй мал аж ажуйг хөгжүүлэх “Шинэ хоршоо” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 200 гаруй тариаланч, хоршоологч болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаагаар зочлох үеэр тариаланчид нэг өдөрт 90 орчим сая төгрөг, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчид 130 гаруй сая төгрөгийн орлого олж буйг хэлж байлаа. Энэ нь жилээс жилд өргөжин тэлж буй уг үзэсгэлэн худалдааны үр нөлөө болон Засгийн газраас хэрэгжүүлж буй дэмжлэг хөтөлбөрүүдийн үр өгөөжийг илтгэж байгаа юм.

Уг үзэсгэлэн худалдаа 2025.09.28-ны өдрийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх бөгөөд оролцогчдоос салбар бүрийн шилдгүүдийг  шалгаруулна. Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбараас шилдэг шинэ бүтээгдэхүүн, шилдэг органик хүнс үйлдвэрлэгч, экспортын шилдэг хүнс зэргийг шалгаруулах бол газар тариалангийн салбараас шилдэг сум, шилдэг өрхийн тариаланч, шилдэг аж ахуйн нэгж, шилдэг жимсчин, шинэ технологи нэвтрүүлэгч зэргийг шалгаруулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe