Энэтхэгийн Ладакх нутаг дэвсгэрт бослого гарсны улмаас хөл хорио тогтоолоо

Д.Халиунаа
2025-09-25

Энэтхэгийн хойд хэсэгт байрладаг Ладакх нутаг дэвсгэрт өчигдөр буюу лхагва гарагт тус нутаг дэвсгэрт төрийн эрх тогтоохыг шаардсан бослого эхэлсэн. Энэ үеэр цагдаа нар болон босогчдын хооронд ширүүнд мөргөлдөөн болж, дөрвөн хүн амиа алдлаа.

Энэхүү эмх замбараагүй байдлын улмаас арав гаруй цагдаагийн ажилтан гэмтэж, босогчид цагдаагийн машин болон Энэтхэгийн Бхаратия Жаната(BJP) намын байрыг шатаажээ.

Бослого гарсан Ладакх бүс нь Гималайн болон Каракорамын нуруунд байрладаг. Зүүн талаараа Төвдийн Өөртөө Засах Оронтой, хойд талаараа Хятадын Шинжаан мужтай хиллэдэг. ​​Боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийсэн ажлаараа үндэсний анхаарлыг татсан орон нутгийн нэрт идэвхтэн, инженер Сонам Ванчук уг бослогын тэргүүнд байгаа бөгөөд Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас түүнийг буруутгаж байна. Тэрээр хүчирхийлэлд ямар нэгэн үүрэг оролцоогүй байсан гэдгээ мэдэгдэж, залуучууд олон жилийн турш ажилгүй байсан учраас тэд бухимдаж байна хэмээн тайлбарлажээ.

Харин засгийн газраас үүнийг ямар нэгэн захиалгат бослого гэж үзэж байгаа бөгөөд Ладакхийн дэд захирагч Кавиндер Гупта энэхүү бослогын хэргийг мөрдөн шалгаж эхэлснээ гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe