Д.Амарбаясгалангийн үед МАН гурав тасарч, гишүүд нь олонтаа хөөгдсөн үнэн түүх

.Graph
2025-09-26

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Намайг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан найман жилийн хугацаанд манай нам эв нэгдэлтэй байсан бол Я.Содбаатарыг арван сар ажиллах хугацаанд хагарч бутарч, лидерүүд хооронд зөрчил үүслээ” хэмээн мэдэгдсэн. 

Түүний хэлсэнчлэн МАН-ын дотоод асуудлыг бүрэн дүүрэн мэдэхгүй ч МАН-ын даргын төлөөх сонгууль ил тод үл ойлголцож байгааг нь илэрхийлсэн гэдэгтэй санал нэгдэнэ. Харин улс төрийн түүх, архив, болж өнгөрсөн үйл явдал талаас харвал УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын ЕНБД-аар ажиллах хугацаанд тус нам эв нэгдэлтэй байж, нэг сэтгэл зорилгоор хамтран ажилласан гэдгийг үгүйсгэх баримт нотолгоо сошиалд ч, улстөрчдийн түүхэнд ч үнэмлэхүй их гэдгийг баримтаар өгүүлье. 

Хуваагдал 1: НАМЗХ хоёр саллаа 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН парламентад олонх болж чадаагүйн улмаас цөөнгүй залуус нь хилийн чинада руу сургуульд явсны хоёр нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Тэд Америк явахынхаа өмнө МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн асан Н.Номтойбаярыг НАМЗХ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэсэн ч УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө тэд эргэн ирж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн асан О.Содгэрэл тэргүүтэй бууриа сахиж, улс төрөө манаж үлдсэн залууст “Олигархийн хүүхдүүд” гэсэн цол гуншинг өгч, хэвлэлээр дайрч, эсэргүүцэх замаар НАМЗХ-ыг авч, МАН-ын удирдлага руу жинхэнэ утгаараа мацсан гэдгийг түүх мартаагүй биз ээ. 

Хуваагдал 2: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нарыг МАН-аас хөөлөө 

МАН-ын Хяналтын хороо 2018 онд хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нарыг МАН-аас хөөх шийдвэр гаргасан бөгөөд тэдэнд Засгийн газрыг огцруулах санал гаргасан гэдэг “ял оноосон” түүхтэй. Энэ үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсны дээр Хяналтын хороо нь тэднийг хөөх, эргүүлэн авах, дахин хөөх гэсэн шийдвэр гаргасан нь “Намын бодлого зөрчсөн” гэдэг ялын дүгнэлт байв. 

Хуваагдал 3: УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулав 

Дээрх үйл явдлаас эхтэй МАН-ын зөрчил улам бүр хурцдаж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг парламентын тэргүүнээс буулгах жагсаал цуглааныг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхлэв. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Нямбаатар, АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар уг жагсаалыг Сүхбаатарын талбайд гардан удирдсан бол хаалганы цаана МАН-ын төв байрнаас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, УИХ-ын дарга М.Энхболдыг иргэний хөдөлгөөний “мэргэжлийн жагсагч” нартай хамтран заналхийлэн байж албанаас нь буулгаж байлаа. 

Хуваагдал 4: Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-аас хөөв 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос 2019 онд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нарыг МАН-аас хийх шийдвэр гаргаж, тус хяналтын хорооны дарга Б.Батбаатар “МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар намын дүрмийг зөрчсөнд тооцож Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Энэ шийдвэрийг МАН-ын нийслэлийн хяналтын ерөнхий хороонд хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүргийг Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Сайнбуянд үүрэг болгосон. Намын дүрэмд зааснаар намаас гарсан хүнд тодорхой хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан” хэмээн танилцуулсан бөгөөд энэ үед Ц.Сандуйд намын гишүүний нэр хүндийг сэвтээсэн гэж үзсэн бол С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн гэдэг хачирхалтай үндэслэлээр МАН-аас хөөж, түүнийг нь тухайн үедээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар зохион байгуулж байлаа. 

Эдгээр жишээ болон бичигдээгүй үлдсэн МАН-ын дотоод зөрчил, хассан хөөсөн түүх үнэмлэхүй бөгөөд эдгээр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үед цагаан дээр хараар бичигдсэн гэдгийг тэр мартаж болох ч намынх нь гишүүд мартаагүй биз ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe