УИХ-ын намрын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар анх удаа "Улсын Их Хурлын асуулгын цаг" өрнөлөө.
Энэ нь Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 10 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгосонтой холбоотой юм.
Тус өөрчлөлт энэ оны долоодугаар сард батлагдах үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхий сайдын мэдээллийн цаг гээд эрх баригч намын дарга юу ярихыг хүсэж байна, юу ярихыг хүсэхгүй байгаа гэдгээрээ цензурдаад, өөрийнхөө ярихыг хүсэж байгаа зүйлээ л УИХ-д орж ирж ярьдаг. Ярьсан зүйлээс нь асуусан болж жүжиг тавьдаг байсан парламентын хэлбэр бол эцэс болж байна" хэмээж байсан юм.
Тэгвэл өнөөдөр биеллээ олж буй тус өөрчлөлтөөр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, төрийн өмчийн ААН-үүдийг хувьчлах бодлого, авлигатай тэмцэх, ахмад настнууд, багш нарын асуудал, татварын шинэчлэлийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт тавив.
Ерөнхий сайд Г.Занданшатар,
Эдийн засаг: Төрийн оролцоог бууруулах, төрийн өмчит компаниудын бүтцийг цомхотгох, заримыг нэгтгэж татан буулгах, хувийн хэвшлийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн.
Төсөв: 2025 онд 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсвийг 52 тэрбумын ашигтай болгож, 2.2 их наяд төгрөгийн үр ашиггүй зардлыг танасан.
Эдийн засгийн өсөлт: Засгийн газрын 100 хоногийн хугацаанд өсөлтийг 5.7 хувьд хүргэж, валютын нөөцийг 4.7 тэрбумаас 5.7 тэрбум ам.долларт хүргэсэн.
Татварын шинэчлэл:
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлнэ.
800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлнө.
ЖДҮ эрхлэгчдэд 1%-ийн татварын бодлого хэрэгжүүлнэ.
Авлигатай тэмцэх: Тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, хиймэл оюун ухаан ашиглан төрийн худалдан авалт, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж эхэлсэн.
Үндэсний баялгийн сан: Шинэчилж, орон сууцжуулах, хуримтлалын сан бүрдүүлэх эх үүсвэр болгоно зэргээр хариулжээ.
Сэтгэгдэл үлдээх