МАН-ын намын бага хурал нэг хоног сэтгүүлчид болон улс төр анхаарч үздэг хүмүүсийг нойргүй хонуулав. Бямба гарагийн 10:00 цагаас зарлагдсан бага хурал ням гарагийн 09:30 минутад бага хурал удирдсан Ж.Бат-Эрдэнийн мэдэгдлээр үр дүнгээ танилцуулсан. Гэсэн ч намын даргын санал хураалт маргаантай болж асуудал ингээд шийдэгдэхгүй нь тодорхой болж байна.
МАН-ын бага хурал нийт 479 гишүүнтэй үүнээс 321 гишүүн хуралд оролцжээ. Мэдээж олны хүлээлт бага хурлаараа намын даргаа сонгох уу, хэн дараагийн дарга болох вэ гэсэн асуудалд анхаарал нь төвлөрсөн байлаа. Бага хурлаар намын даргаа сонгох нэг дүрэмтэй. Тэр нь одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд түүнийг нь намын бага хурлын олонх дэмжсэн тохиолдолд дараагийн намын даргыг сонгох үйл ажиллагаа явагдах. Бага хурлыг ахалсан Ж.Бат-Эрдэнийн хэлж байгаагаар Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгч гишүүд 100 хувийн ирцтэй дэмжсэн учраас дараагийн намын даргыг сонгох үйл явц эхэлсэн гэсэн юм.
Намын даргад нэр дэвшигчийг бага хурлын гишүүдийн 3/2 дэмжсэн тохиолдолд намын бага хурлаар даргаар батламжилна
Энэ удаагийн бага хурлаар намын даргын санал хураалт урьд өмнө нь явагдаж байгаагүй нэг шинэ журмаар явагдсан нь сонирхолтой байлаа. Санал хураалтаар аль нэг нэр дэвшигч 3/2 саналыг аваагүй тохиолдолд тухайн нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан хүн дээр дахин санал хураалт явуулна гэх журмын тооллогын комисс гаргарж ирсэн юм.
Танхимаас нэр дэвших хүн гарч ирээгүй учраас Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёрын дунд намын даргын санал хураалт явагдсан. Эхний санал хураалтад Ерөнхий сайд Г.Занданшатар 43.9 хувийн санал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56.1 хувийн санал авч аль нь ч бага хурлын гишүүдийн 3/2 саналыг авч чадаагүй. Ингээд нэр дэвшигчдээс их санал авсан нь буюу тооллогын комиссын гаргасан журмын дагуу эхний санал хураалтаас их санал авсан хүн дээр буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээр санал хурааж 321 гишүүнээс 46 нь цагаан санал өгч, 321 нь дэмжиж 85.7 хувийн саналаар намын даргаар сонгогдсон. Үйл явц нэг иймэрхүү болж өрнөсөн.
Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргыг их хурлаар явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан ч эхний санал хураалтад оролцсон нь буруудав
Хэд хэдэн шалтгаанаар намын даргад өрсөлдөгч Г.Занданшатарын талаас санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал хоёр дахь санал хураалт гэж намын дүрэмд заасан зүйл байхгүй. Эхний санал хураалтад аль нь ч 3/2 саналыг аваагүй учраас Их хурлаар намын даргын асуудлыг шийдэх ёстой. Мөн хоёр дахь санал хураалтыг 11:00 цагаас явуулах хүсэлтээ илэрхийлсэн ч тооллогын комисс хүлээж авалгүй үүрийн 05:00 цагт явуулсан гэх мэтчилэн. Тийм учраас намын даргад сонгогдсон Д.Амарбаясгаланг Г.Занданшатарын зүгээс тийм ч амар хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой болж байна.
МАН түүхэндээ олон удаа хагарч олон зүйл дээр маргалдаж байсан ч энэ удаагийнх шиг ил тод болж байгаагүй. Том эрх ашгийн цаана үе хоорондын маргаан ч байгаа болов уу гэсэн хардлага олон нийтэд гарч ирж байна.
Дүрмийн дагуу ч бай дүрмийн бус ч бай даргаар сонгогдсон Д.Амарбаясгалангийн даргаар сонгогдсоныхоо дараа хэлсэн үг нь нэг утга агуулж байгаа бололтой.
Д.Амарбаясгалан: Эв нэгдлийг хангаж Ерөнхий сайд Г.Занданшатартай хамтран ажиллана
Түүний энэ үг цаашдын улс төрийн гогцоог бага ч болов учрыг нь тайлах үг болов. Учир нь тэрээр Засгийн газар шинээр байгуулах бодолгүй, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг хэвээр үлдээж өөрөө намын даргаа авах бодолтой гэх өнцөг. Өөр нэг өнцөг нь Засгийн газрыг шинээр байгуулсан тохиолдолд Г.Занданшатарыг өөрийн танхимдаа багтаах гэсэн санаа. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэдэг шиг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай аль аль талдаа учраа олоод цааш явъя гэсэн санаа байж болох юм.
Намын бага хурлаар намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг хуучин намын дарга буюу Л.Оюун-Эрдэнэ дээд 60 хоногийн дотор шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг өгнө. Үүнийг нь дээд шүүх 30 хоногийн дотор хэлэлцээд шийдвэрлэнэ гэж улс төрийн намын тухай хуульд заасан. Тэгэхлээр нийт 90 хоногийн хугацаанд процесс өрнөнө.
МАН-ын XXXI Их хурал арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулагдахаар тов гарсан.
Хамгийн гол зүйл нь Г.Занданшатар хоёр дахь санал хураалтыг хүлээн зөвшөөрсөн үү гэдэг. Зарим нэг эх сурвалжийн хэлж байгаагаар хоёр дахь санал хураалтыг танхимын олонх хүлээн зөвшөөрсөн гэсэн ч Г.Занданшатарын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй гэх зүйлийг эргэн тойрны хүмүүс нь ярьж байгаа юм. Харин тооллогын комиссын зүгээс эхний санал хураалт эхлэх үед хоёр дахь санал хураалтыг явуулна гэсэн журмаа танилцуулсан гэх. Цааш үргэлжлэх улс төр яг энэ өнцөг дээр явагдах нь тодорхой болж байна.
Сэтгэгдэл үлдээх