Хятад улсын баруун өмнөд Гуйжоу мужид энэ ням гарагийн өглөө дэлхийн хамгийн өндөрт тооцогдох Хуажян Гранд Каньон гүүр нээлтээ хийлээ. Гуйжоу мужийн уулархаг хэсэгт байрлах энэхүү гүүр нь Бэйпан голоос дээш 625 метрийн өндөрт байрладаг бөгөөд энэ нь Сан Францискогийн Алтан хаалганы гүүрнээс бараг ес дахин өндөр юм.
Энэхүү гүүр нь Хуажянгийн их хавцлын хоёр эргийн хооронд зорчдог хоёр цагийн хугацааг 20 минут болгон бууруулах өндөр ач холбогдолтой аж. Мөн дэлхийн хамгийн өндөрт тооцогдож буй тус гүүр гурван жил гаруйн хугацаанд баригдсан бөгөөд 2890 метр урттай юм.
Өнгөрсөн жилүүдэд Хятадын буурай хөгжилтэй мужуудын нэг болох Гуйжоу мужид 30 мянга гаруй гүүр барьсан бөгөөд энэ дунд дэлхийн хамгийн өндөр гүүрнүүдийн гурав нь багтсан байдаг. Харин энэ удаагийн бүтээн байгуулалт нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа өргөжиж буй дэд бүтцийн сүлжээн дэх хамгийн том нээлтүүдийн нэг болоод байна.
Сэтгэгдэл үлдээх